Ц.Оюунгэрэл: Миний эхний зорилт бол Ардчилсан нам дотроо “ШИЛЭН ТААЗЫГ”-ыг нэвтлэх
"Үндэсний бахархал" нэвтрүүлэг
/
2021-01-14
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр болсоноо мэдэгдсэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

- Таны хувьд үндэсний бахархал гэж юу вэ. Үндэсний бахархалд оруулсан таны хувь нэмэр?

- Дэлхий дээр байдаг хамгийн гоё бахархал бол хөдөлмөрлөж олсон бахархал. Хөдөөний бүхий л ажлыг хийж чадна. Монголынхоо соёлын өвийг гадаадаас оруулж ирэхэд зохион байгуулалт, кординацийг маш шуурхай хийсэндээ бахархдаг. Ти батаарыг монголд авчирсандаа бахархдаг. Ти батаарын араас 400 соёлын өвийг монголдоо оруулж ирсэнээрээ бахархдаг. Шонхор шувуу, бурхан халдун уул, бэр цэцэг гээд монголын бахархлыг тогтоолцсоноороо өөрөөрөө бахархдаг. Дэлхий дээр мал аж ахуйтай орон олон. Гэхдээ ихэвчлэн дандаа мал нь хашаатай, жижигхээн газар дээр өмчлөгдсөн малтай тийм л малчид байдаг. Манай монгол ганцхан бэлчээр гэдэг зүйл нийтийн өмч гэдгийг үндсэн хуулиндаа дархалчихсан гэхээр гайхаад байдаг юм. Тийм үнэт зүйлүүдийг бид мэдэж байх ёстой. Манай монголд байдаг, өөр хаана ч байдаггүй тийм үнэт зүйлүүдийг мэдэж байх ёстой. Тэр үнэт зүйлүүдийн маш олон зүйл манай соёлд байдаг. Тэгээд бид өв соёлоо, түүхээ мэдээд, яагаад ингэдэг юм бэ гэдгээ мэдвэл хаана ч очоод гайхуулж болдог. Надаас “танайх яагаад бэлчээрээ хувьчилдаггүй юм бэ” гэж их асуудаг. Би “бид гималайн нуруу шиг далайн төвшнөөс дээш өндөрт өргөгдсөн газар нутагт амьдардаг. Өндөрт өргөгдсөн газар амьдардаг улсын хамгийн том асуудал, хамгийн том байгалийн хүч нь юу байдаг вэ гэвэл салхи байдаг. Өндөр өргөгдсөн, нөмөр байхгүй юм чинь. Энэ салхины үзүүлдэг нөлөө юу байдаг вэ гэхээр хөрс маш нимгэн болгодог. Хөрсийг маань хийсгээд аваад явчихдаг. Хөрс нимгэхэн учир энэ жил хаана өвс ургах вэ, хаана бороо орох вэ гэдгийг бид мэдэхгүй учраас манай малчдад малын хашаа зохидоггүй юм аа. Манай малчид бэлчээр дагаж, нүүдэлчин амьдралаар амьдардаг юм аа. Нүүж явдаг болохоор бид ачиж, буулгадаг гэртэй байдаг юм аа” гээд тайлбарлахаар “аан” гээд л гайхаад эхэлдэг. Бид геологио мэдэж байх ёстой, биологио мэдэж байх ёстой, уул уурхайгаа мэдэж байх ёстой, эдийн засгийнхаа суурийг мэдэж байх ёстой, түүхээ мэдэж ёстой, хуулиа мэдэж байх ёстой. Ингээд мэдэж байгаа зүйлээ соёлтойгоо холбоод тайлбарлахаар “гайхалтай орон юм аа” гэдэг. Бүх өргөдөл маань дэлхийн соёлын өв болж чадсан. Ер нь бол сайд байхдаа өргөдөл бичээд гарынхаа үсгийг зураад Юнескод-д явуулахад, явуулсан бүх өргөдөл нь дэлхийн өв болж батлагдсан сайд өмнө нь байгаагүй юм билээ. Аз болоход миний хувьд бүх өргөдөл маань батлагдаж байсан. Яагаад олон улсын дэмжлэгийг тэгж сайн авч байсан юм бэ гэхээр үндэсний бахархлаа үндэслэлтэй зөв сайхан тайлбарлаж байж гарын үсгээ зурдаг байсан л даа. Бурхан халдун хайрхан, монгол бичиг, монгол гэрийг бүртгүүлэх гээд урьд нь олон сайд дамжаад бүртгүүлж чадахгүй байсан зүйлийг бүртгүүлж байсан. Энэ монгол бахархал маань монголын энэ ахуй амьдрал, энэ байгалийн өгөгдөл, энэ эдийн засгийн шалтгаан, энэ нийгмийн шалтгаанаас ийм заншилтай болсон юм аа гэж тайлбарласнаар дэмжигдсэн.

- Таныг бид Улстөрч гэдгээр тань мэднэ. Гэхдээ манай уншигчдын мэдэхгүй Ц.Оюунгэрлийг танилцуулна уу?

- Би хөвсгөл аймгийн тариалан суманд төрсөн. 1966 оны аравдугаар сарын 26-ны шөнө төрсөн гэдэг. Шөнийн 12 цагт төрсөн гэж ээж минь цагаар минь хэлдэг. (инээв) тэгэхээр би “сумын төвийн эмнэлэгт шөнө, гэрэл асдаг шөнө төрсөн” гэж ярьдаг. Манай сум тэрнээс өмнө 24 цагийн гэрэлтэй байгаагүй юм билээ л дээ. Тэгээд яг намайг төрдөг шөнө гэрэл нь 24 цагаар асдаг болсон юм билээ. Тиймээс ч миний нэрэнд гэрэл гэдэг үг орсон байх. Би сургууль төгсөн төгстөлөө зуны улирлыг хөдөө мал дээр өнгөрөөсөн. Сургуулийн жилүүддээ хөдөө орон нутагт л сурч төгссөн. Жинхэнэ хөвсгөлийн бүтээгдэхүүн л дээ.

- Таны цуглуулагатай юу. Юу цуглуулах дуртай вэ?

- Тэмдэглэлийн дэвтэрийн завсарт тааралдсан бүх цэцгээ цуглуулдаг байсан. Тэгээд марк цуглуулдаг болсон. Дараа нь захианууд цуглуулсан. ОХУ-д оюутан байхад надад ирсэн бүх хүний захиаг би хадгалдаг. Одоо надад ээж аавын маань, багшийн, хайртай нөхрийн маань, ах, эгч нар, найзуудын маань, намайг дөрвөн жил ОХУ-д сурч байхад надад захиа бичсэн бүх хүний захиа нэг авдарт байдаг. Захиануудаа дугтуйтай нь хадгалдаг.

- Таныг зохиолч гэдгээр тань хүмүүс бас сайнмэдэх байх. Зохиол бүтээлийн олз омог хэр байна. Бүтээл туурвих цаг зав хэр олдож байна?

- Зохиол бүтээлийг бол өглөө ч бичиж магадгүй, өдөр ч бичиж магадгүй, орой ч бичиж магадгүй. Өөрт олдсон цагтаа л бичдэг. Гэхдээ өдөрт хоёр цагаас хэтрүүлэхгүй бичнэ. Нэг удаа, нэг өдөрт, нэг зохиол дээр хоёр цагаас илүү сууж чаддаггүй гэсэн үг. Тэр хоёрхон цагт амжуулж бичихэд би таван хуудас бичдэг. Тэр таван хуудас чанартай таван хуудас байх ёстой. “америкт суралцсан тэмдэглэл”, “миний ажлын ноу-хау”, “гэрт болсон яриа” гээд гурван жижиг ном байдаг. “ногоон нүдэн лам”, “жаран цагаан хонь” гэсэн хоёр романтай. Миний бичсэн 12 номоос энэ таван ном хүмүүст сайн танигдсан гэж үзэж болно. 

- Танай гэр бүлийн бахархал юу вэ?

- Манай гэр бүлийн хамгийн гол бахархал бол бие, биедээ хүндэтгэлтэй хандах. Бие биеийнхээ орон зайг маш сайн хүндэлдэг. Бүгд өөр, өөрийн гэсэн хувийн орон зайтай, хувийн ертөнцтэй. Тэрэндээ их хүндэтгэлтэй ханддаг. Манай гэр бүлд байдаг заншил бол тухайн жилд өөрт тохиолдсон онцлог үйл явдлуудаа нийлүүлээд, дараа жилийнхээ календарь болгож зурагнуудыг нь өрж байгаад календар болгож бие биедээ бэлэглэдэг явдал. Тэгэхээр хэн олон ажил амжуулсан бэ, ямар сонирхолтой үйл явдал хэнд тохиолдсон бэ гэдгийгээ хойтон жилийнхээ турш санаж дурсах боломжтой байдаг.

- Таны хүүхэд насны мөрөөдөл тань юу байсан бэ. Мөрөөдөл тань биелсэн үү?

- Зүгээр жижиг жижиг мөрөөдлүүд байсан. Тэр бүгд биелсэн. Одоо би цоо шинэ мөрөөдөлтэй болсон. Багын мөрөөдөл асуухаар тодорхой юм харагддаггүй юм. Том болсон хойноо мөрөөдсөн мөрөөдөл маань анх ардчилсан оронтой болох юмсан, ингэх юмсан гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байсан бол одоо шал өөр болсон. Гэр хорооллыг хаус хороолол болоход хувь нэмрээ оруулах юм сан. Өөрийнхөө хэрэгжүүлж буй төслөөр дамжуулж хүмүүсийн амьдралыг өөрчлөх юмсан. Тийм гоё мөрөөдлүүд байгаа.

- Таны хувьд энэ дутагдалаа засчих юм сан гэсэн дутагдал байдаг уу?

- Гэр хороололд би сүүлийн хэдэн жил ажиллалаа шүү дээ. Ялангуяа “жорлонгоо өөрчилье” гээд гэр хорооллоор их ажиллалаа. Гэр хорооллоор очиход зүг чигийн асуудал их гардаг. Хаяггүй, хаягжуулалтгүй. Аль гудамжинд явж байгаа, яаж байгаагаа мэдэхээ болих тохиолдол гардаг. Манай улаанбаатар хот чинь гудамжаараа хаягаа хэлдэггүй. Дандаа зүг чиг, баримжаагааараа хаягаа олох шаардлага их гардаг. Тэгээд тэр тохиолдолд, ялангуяа зүг чиг, хаяг маань тодорхойгүй ийм нөхцөлд миний байгалийн дутагдал маань их илэрдэг. Эмэгтэй хүнд нийтлэг байдаг дутагдал гэж байна шүү дээ. Зүг чиг олохдоо муу байдаг. Уулгүй газар, говьд очвол би их төөрөх байх гэж боддог. Өөрөө хангай газрын хүн болохоор уулаар л баримжаа аваад сурчихсан. Уул хаана байна, ус хаана байна түүгээр л баримжаа аваад сурчихсан. Усны урсгал хаашаа урсаж байна гэдгээр баримжаалаад сурчихсан байдаг.

- Ажлын хамт олны дунд та хэр бахархалт удирдагч бэ?

- Манай багийнхан дотор бол би найз нь. Одоо удирдагч мөртлөө найз нь гэх юм уу даа. Тийм байдлаар ажиллаж ирсэн. Хүмүүсдээ их итгэл өгдөг, эрх чөлөөг нь өгдөг. Шийдвэр гаргах боломжийг нь өгдөг. Тэдний өдөр тийм үүрэг даалгавар хийсэн байгаарай гэдэг хугацааг нь өгдөг. Гэхдээ “энийг яг тэгж хийгээрэй, тэндээс тэрийг нь аваарай, энийг нь битгий аваарай” гэж хэтэрхий заадаггүй. Өөрөө судлах, өөрөө гаргалгаа гаргах боломжийг нь хангахыг хичээдэг тийм удирдагч байхыг хичээдэг.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байх үед олон яаманд хамт ажиллаж байсан хуульч бүсгүй надтай уулзаад үдийн хоол идэж байхдаа “сайд аа, би энэ яаманд ажиллаж байхдаа нэг төрийн бус байгууллагад ажиллаад байгаа юм шиг санагдаад байна” гэнэ. Яагаад гэсэн чинь. “бусад яамдад ажиллахад маш хатуу дэг журамтай, сайдыгаа харахаар бараг чичирдэг. Сайдтайгаа чөлөөтэй ч ярьж чаддаггүй, уулзаж ч чаддаггүй хатуу орчинд олон жил ажилласан. Тантай болохоор дуртай үедээ уулзаж болдог, дуртай сэдвээрээ ярьж болдог. Үнэмшилгүй ч юм шиг, худлаа ч юм шиг. Тантай хамт ажиллахаар яаманд биш төрийн бус байгууллагад ажиллаад байгаа юм шиг санагдаад байна” гэж хэлж байсан. Би хамт ажиллаж байгаа хүмүүстээ аль болох айдасгүй, тайван орчныг бүрдүүлэхийг хичээдэг.

  • 2021 он гараад л таны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсон мэдэгдэл тань олны анхааралд их өртлөө. Энэ тал дээр таны байр суурь. Ерөнхийлөгчид нэр дэвших болсон шалтгаан?
  • Улстөрд бол 30-аад жил ажилласан. Хамгийн сүүлд таван жилийн өмнө уих-ын гишүүний ажлыг хамгийн сүүлд хийсэн. Тэр үед асуудлыг хууль гаргаад л шийдчихнэ. Хуулийг бол ард түмэн дагах ёстой. Дагах юм бол амьдрал сайжирна, улс хөгжинө гэсэн ойлголттой улстөрч байлаа. Таван жилийн дараа миний улстөрчийн байр суурь гэх юм уу, улстөрчийн хандлага их өөрчлөгдсөн. Яагаад миний хандлага өөрчлөгдсөн бэ гэхээр “жорлонгоо өөрчилье” гэсэн төслийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш гэр хорооллын амьдралын хамгийн нарийн нандин асуудалтай нь нүүр тулгарсан. Хүмүүс ямар суурь асуудлууд дээр шийдвэрээ гаргаж байна, ямар асуудлыг тооцож шийдвэрээ гаргаж байна гэдгийг маш нарийн судалж иргэдтэй тулж ажиллалаа. Сүүлийн гурван жилийн хувьд би улстөрч хүнийхээ хувьд хамгийн их өөрчлөгдсөн жилүүд гэж хэлнэ. Хамгийн гол нь надад гарсан өөрчлөлт бол шийдвэр гаргах хандлага. Шийдвэр гаргах хандлага улсын мөнгийг, иргэдийн мөнгийг, бизнес эрхлэгчдийн мөнгийг ингэж зарцуулах ёстой юм байна, ингэж харин болохгүй юм байна гэдэг дээр их олон өөрчлөлтийг надад авчирсан. Нам дотор маань эхний шийдвэр гаргах процесс явагдана л даа. Аль ч нам олон улстөрчтэй байдаг. Тухайн намд байгаа олон улстөрчөөс үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших 50 наснаас дээш  хүн цөөнгүй байдаг. Манай ардчилсан нам бол ширүүн өрсөлдөөнтэй нам л даа. Иймэрхүү ширүүн өрсөлдөөнтэй орчинд улстөрч болж төлөвшлөө. Тэгэхээр одоо ямар ч ширүүн өрсөлдөөнд ороход сэтгэлзүйн хувьд болон туршлагын хувьд бэлтгэгдлээ хэмээн үзээд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ зарласан.

Үүнийг манай намын гишүүд болон олон нийт яаж хүлээж авч байгааг сүүлийн хэдэн өдрүүдэд харж байна. Ерөнхийдөө бол хүмүүс огт хүлээж байгаагүй хүн гэнэт өөрийгөө зарласан учраас их гайхсан. Гэхдээ зарим хүмүүс их талархаж хүлээж авсан. Зарим хүмүүс цочирдож, шүүмжилж хүлээж авсан. Тэгээд би бол аль алийг нь байх ёстой хариу үйлдэл гэж харж байна. Их тайван хүлээж авч байна, миний хувьд. Ардчилсан нам дотор бол энэ анхны тохиолдол. Тийм учраас миний эхний зорилт бол ардчилсан нам дотроо “шилэн тааз”-ыг нэвтлэх гэдэг юм уу даа, одоо маш том даваа хүлээж байна. Тэгэхээр энэ даваа үнэхээр амжилттай болбол дараа нь нийт эмэгтэйчүүддээ хандаж хэлэх маш их үг байна. 

"ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ" НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ....

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.