А.Цэгмэд: Би насныхаа төгсгөл болтол ТАЙЗАНДАА МӨРГӨЖ, киноны гэгээлэг дурандаа мөргөж дуусах хүсэлтэй
"Үндэсний бахархал" нэвтрүүлэг
/
2021-02-05
"Өндөр ээж" "Хаврын яргуй" гэх зэрэг кинонд залуу насаа мөнхөлсөн СТА жүжигчин А.Цэгмэдтэй ярилцлаа. "Марка поло" кинонд гурван дүр бүтээсэн гэх түүнийг хүмүүс гавьяат жүжигчин хэмээн андуурдаг. Хүний сэтгэлд хоногшсон олон сайхан дүрийг амьлуулсан болохоор үзэгч олон түүнд гавьяат жүжигчин цол тэмдэгийг олгосон байх. Ард түмний гавьяат жүжигчин хэрхэн урлагт хөл тавьсан, түүний хүүхэд нас хэрхэн өнгөрсөн талаар олон сайхан зүйлсийг ярилцлаа.

  - Хоёулаа таны бага насны тухай сайхан яриа дэлгэе. Та бас шүлэг бичдэг байсан гэсэн тиймээ?

- Би сурагч байхаасаа шүлэг тэрэлж, тэгээд яваа багшдаа шавь орчихгүй яав даа л гэж сүүлд нь боддог юм. Яагаад гэхээр намайг 1958 онд Улаанбаатарт ирэхэд “Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө” гэдэг яруу найргын номоо гаргацан надад өгч байсан. Тэгээд хойд аав маань намайг “Яваа ахыгаа дагаад чи яруу найрагч болох уу” гэхэд нь манай ээж “Мэргэжлээ сонгог” гэхэд “Өдий дөрөвдүгээр ангийн хүүхэд ямар юмны мэргэжил сонгодог юм. Дэмий юм яриад та нар” гэж байсан. Тэрийг би нэг жоохон эрт ухаарсан бол Яваан ахынхаа (Б.Явуухулан ахыг бид нар Яваан ахаа Яваан ахаа гэдэг байсан.) шавь нь болчихсон өдийд жүжигчин биш бас яруу найраг тэрлээд явах ч байсан юм билүү гэж хааяа боддог.

- Таныг бас спортын гимнастикаар хичээллэдэг байсан гэж дуулсан. Тэр талаараа сайхан дурсамж ярьвал?

 

- Тав, зургаадугаар ангиасаа эхлээд 29 нас хүртлээ спортод хөл тавиад Монголын спортын гимнастикийн анхны шигшээд долоон гишүүний нэг болж аз таарсан. Гадаад дотоодын тэмцээнд явахдаа ссспортын төв ордны дээд талд нь байрлаад халуун наранд бие борлуулж шарах гээд дээд талд нь бас наранд шардаг. Зааланд бэлтгэлээ хийдэг. Ингээд Унгар, Румин, Герман, Болгар, Кишинёв гээд гадаад, дотоодын тэмцээнд орос мэргэжилтнүүдийн тусламжтайгаар олон улсын мастераар хичээллээд 1968 оны Мексикийн олимпд бэлдэж байсан цаг үе дурсагддаг юм. Яагаад вэ гэхээр спортын гимнастикийг тэр болгон хүүхэд сонгож хичээлдэггүй. Нилээн мангардуу, зоригтой байсан болоод л хичээллэсэн байх одоо эргээд бодоход. Урлаг, спорт хоёр яагаад ч юм холбоотой байгаа юм шиг санагддаг. Хэрвээ би спортоор хичээллэж байгаагүй, спортын гимнастикаар хичээллэж байгаагүй бол би улсын драмын театрт жүжигчин болно гэж зорьж очих байсан ч юм уу үгүй ч юм уу. Яагаад вэ гэхээр спортын гимнастик болохоор миний бие бялдарт, миний эр зоригт, миний оюун бодолд санаанд нэг тийм урлагийн гайхамшигтай ертөнцийг ингээд бас яагаад вэ гэхээр бас спортын гимнастикийн чөлөөт хөдөлгөөнийг хийхэд л уран сайхны сэтгэмж бүх юм ордог болохоор зэрэг энэ спорт хүртэл намайг эргээд татсан юм болов уу. Тийм хувь заяанд хөтөлсөн юм болов уу гэж боддог.

- Тэгэлгүй яахав. Тэгэхээр та анх хэрхэн театрт хөл тавьж байв. Ямар тохиол байв аа?

- Ерөнхийд нь найруулагч хүн их гярхай, их онч мэргэн ухаантай, нүдтэй байдаг болохоор ер нь спортын гимнастикаар хичээллэж байсан харахад жаахан эршүүд хэлбэр, маягтай тийм охин байсан болохоор үүнийг тэр үедээ ч 1965 онд эмэгтэй хүнийг эрэгтэй дүрд туршиж тоглуулдаг, хуучнаар ЗХУ-д урлагт тийм нэг шинэ урсгал гарч ирсэн. Тэгэхээр эрдэмтэн зохиолчид маань ч гэсэн монголд түүнийг туршаад үзье гэсэн тэр мэргэн ухаан нь яалаа гэж хоцрох билээ. Тэгээд намайг анх эрэгтэй хүүхдийн дүрд сорьж байсан байх.

- Таныг “Хүрэн толгойн сүүдэр” дууг их сайхан дуулдаг гэж сонссон?

- Яахав дээ би хазгай мурий нэг монгол дээл оёвол оёчихно. Хичээгээд нэг тоорцог хийгээд өгчихвөл эгч нь оёчихно. Буурал ээж, ээж хоёрынхоо даалгавараар бол хөх зүү хөндлөн бариагүй биш хөх зүү хөндлөн биш эгц барьж байсан бага насаа ингээд бодоход бүх л тэр монгол өв соёлыг хайрлах, монгол ардын дууг хайрлан сонсох тэрийг насан туршдаа өнөөдрийг хүртэл одоо “Нийслэл хүүхэн” кинонд саяхан энэ жил хүртэл “Хүрэн толгойн сүүдэр”-ийг нэг бадаг аялчих хэмжээнд байна гэдэг бол монгол хүн болж төрсөн, монгол хүн болж төрөөд төгсөн төгсөтлөө энэ нэр төрийг авч яваарай гэсэн даалгаварыг  миний мах цусанд шингээсэн тэр өвөг дээдэстээ л баярлууштай. Миний муу эмгэн буурал ээж энэ дууг яагаад ч юм өөрөө нээх сайхан дуулж байсан юм. Бид хоёр хонь хариулж яваад тэгээд ээж энэ дууг дуулахаар нь “Надад заагаад өгөөч” гэж саваагүйтэж байсан. Миний ээж юу ч бодож дуулсан юм билээ тиймээ. Энэ дуунд “Хүний бага чамтайгаа сэтгэл юундаа дасна вэ” гэж дуулахыг бодоход гэгэлзээд л дуулсан байх тиймээ. Ай уртын дуу минь сайхан шүү.

- Та ер нь киноны гол дүрд олон тоглоогүй байх аа тиймээ. Яагаад гол дүр оногддоггүй байсан юм бэ?

- Залуу байхад надад гол дүр санал болгох тийм боломж байгаагүй. Дандаа хүүхдэд тоглоод, эрэгтэй хүүхдийн дүрийг голцуу тайзан дээр тоголдог байсан болохоор гол дүрийн санал кинонд “Өндөр ээж”, “Их замын тоос”, “Мартагдсан дууль”, “Гал хам” киноны нэгдүгээр ангиас өөр “Анхны яргуй” дээр нэг гол дүр ингээд дандаа туслах, хоёрдугаар зэргийн дүрүүд ирж байсан маань “ Хүүхдийн театрт” эрэгтэй хүүхдийн дүр дээр дагнаж байсан, хүүхдийн дүр дээр дагнаж байсантай холбоотой байх гэж боддог. Туслах дүр, үггүй дүр зэргийг бол бас л уран бүтээл гэж тусгаж авдаг тийм зарчим манай урлагийнханд байдаг. Тэрийг л бол одоо чамлаж болохгүй. Голж болохгүй. Тэрийг сайн бүтээхийн төлөө ажиллах хэрэгтэй шүү гэдгийг залуучууддаа бас хэлмээр байна. Далимд нь.

- Монголын ахуй соёлыг та бүхэн минь бас кино урлагаараа түгээж байдаг. Тэгэхээр хөдөөгийн аж амьдралыг харуулах дүр дээр ажиллах нь бусад дүрүүд дээр ажиллахаас илүү цаг зав ордог байх тиймээ?

- Монгол хөдөө ахуй дээр огт өсөөгүй тийм хүн тэр кинонд, тэр өв соёлыг гаргана гэдэг бэрхшээлтэй. Тэгэхээр залуучууд бол ер нь цаашдаа энэ урлаг, уран бүтээл хийх гэж, урлагийг сонгосон бол заавал газар дээр нь очиж тэрийг судлаад, газар дээр нь очиж биеэрээ оролцож, үнээ сааж, өөрөөр хэлбэл тэр ахуй, ахуйтай бол ер нь дүр бүтээнэ гэж яриад байдаг шүү дээ дүр бүтээсэн үү, бүтээгээгүй юу гэдгийг ард түмэн шүүнэ шүү дээ. Тэгэхээр тэр дүр дээр ажиллаж байх явцдаа залуучууд минь тэр дүрийг амьлуулахын тулд  амьдрал дээр амьлаарай л гэж хэлмээр байна.

- Эргээд харахад та ажилласан дүрүүд дээрээ хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?

- Би ажилласан ажиллагаа нь дээрээ дандаа шүүмжлэлтэй ханддаг. Киноны дараа, жүжгийн дараа, жүжиг бол одоо тоглоод өнгөрөх учир үзэгчдийн алга ташилтаар л мэдрэмжээ авдаг болохоос биш кино шиг эргэж хараад засах боломжгүй. Жишээ нь одоо ч гэсэн би “Өндөр ээж” “Анхны яргуй” киногоо хараад “ Ээ би ямар боловсроогүй тэнэг жүжигчин байсан юм бэ. Би тэр өндөр ээжийн мөсийг  алив ээжээ би наад мөсийг тань аваад оръё гээд аваад орчихгүй яаваа. Би яагаад энд дутуу хийсэн юм бэ” гэж би одоо хүртэл харамсдаг. “Анхны яргуй” гэдэг 16 миллметрийн  кинон дээр одоо алдарт зохиолч Д.Гармаа гуайн зохиол шүү дээ. Надад найдаж гол дүрээ бэлэглэсэн. Би түүнийг нь Ардын жүжигчин Ц.Гантөмөр ах, Т.Латиф, Д.Гомбожав нар тэд нарын дэмэнд л би яваад өгсөн болохоос биш, би түүн дээр тийм их сүртэй ажиллаад, тэд нар шиг дүр бүтээгээгүй гэдгээ би яагаад хүлээн зөвшөөрч би өмнө нь бууж өгч сөхөрдөг вэ гэхээр түүн дээр нэг хэсэг дээр би юм угааж байгаад тэр юм угаасан усаа ингэж гараараа арчичхаад тэгээд хоол аягалж өгсөн. Би одоо тэрийг хараад “Үгүй чи нэг алчуур олоод арччихгүй яав аа. Чи ямар тэнэг жүжигчин бэ. Чи ямар боловсроогүй жүжигчин байсан юм бэ тэр үед” гээд одоо эргээд түүнийгээ харахаар “ёооё, ёооё ёстой нээрээ сандал доогуур орох юмсан” гэж ичдэг.

- Та мэргэжлээрээ сайхан бахархвал?

- Хайр хүрмээр. Эхлэл нь байдаг мөртлөө төгсгөл гэж байдаггүй энэ сахан мэргэжил. Тэгэхээр анх ирсэн энэ ариун сүм дотроо, нэг үгээр хэлэх юм бол урлагт анх хөл тавьсан Улсын драмын эрдмийн театр гэдэг маань миний насаараа тайзанд нь мөргөж, шүтэж явах нэг сүм. Улсын хүүхэд залуучуудын театр гэдэг бол миний урлагийн хоёр дахь сүм. Тэгэхээр тэгээд киноны дуран, камер гэдэг бол миний мөргөж явах гурав дахь орчин, гурав дахь гэгээн ариун сүм.

- Хүмүүс танийг гавьяат жүжигчин гэж их эндүүүрдэг. Магадгүй одоог хүртэл гавьяат жүжигчин аваагүй болохоор сэтгэлд нь буухгүй байх шиг байна?

- Хүмүүс намайг Гавьяатаа гэхээр байнга би тайлбар хэлдэг. “Би гавьяат биш шүү. Би Соёлын тэргүүн шүү” гэхээр “Та бол миний хувьд гавьяат. Та бол бидний хувьд гавьяат” гэхээр “Баярлалаа” гэдэг үгийг хариуд нь хэлдэг. Яагаад вэ гэхээр тэр алдар цолыг ард түмэн л бидэнд олгодог. Ард түмэн бидэнд тэр юмыг өгдөг. Бид нарын ажилласан дүрийг, бид нарын ажлыг ард түмэн дүгнэж “Энэ хүн одоо болсон. Энэ хүнд одоо өгөх ёстой” гэдэг шаардлагыг дээд байгууллагад тавьдаг болов уу гэж би ойлгодог.

- Таны хувьд үндэсний бахархал гэж юу вэ?

- Мөхөс миний бодож буйгаар бол “Үндэсний бахархал” гэдэг маань “Би эх оронтойгоо дэндүү адилхан” гэж дууны үг байдаг. Би түүнтэй санал нийлмээр байна. Яагаад вэ гэхээр эх оронтойгоо дэндүү адилхан болохоор л бид нар насан туршдаа үндэсний өв соёл, нутаг ус, байгаль дэлхий, нийгмийн соёл өнөөдөр ч гэсэн би өнөөдрийн нийгэмд хэдэн төрийн нүүр үзсэн ч гэсэн яг л тэр үндэснийхээ бахархлаар  амьсгалж, амьдарч, хүмүүжиж, сурч боловсорч монголын минь  бахархлын хишиг буян, энэ урлагийнхаа төлөө насан эцэс болтлоо зүтгэхэд миний зүрх сэтгэлтэй Монгол бахархал хамт байдаг болов уу гэж мөхөс би ойлгож байна.

 

Ярилцсан: Г.Жавхлантгарьд

 

 

"ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ" НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ....

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.194.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.