Др. Минжигдоржийн Найданхүү нь 1969 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. Төрсөн ээж Дашдаваагийн Бямбасүрэн нь Булган аймгийн Орхон сумын хуучнаар Халиун сумын уугуул юм. Түүний эмээ Д. Мягмар нь өндөр насалж, насан эцэстэлээ Орхон сумын төвд амьдарч байлаа.
М. Найданхүү нь Булган хотын П. Е. Шетинкины нэрэмжит 1-р арван жилд 5-р анги хүртлээ суралцаж мөн 7-р ангидаа хэсэг хугацаанд Орхон сумын 8-н жилийн сургуульд бас суралцаж байсан байдаг.
Дунд сургуулиа төгсөөд 1988 онд Румын улсад суралцахаар одож 1996 онд Румын улсын Бухарест хотын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухаан, Мал эмнэлгийн Их Сургуулийг (USAMVB) Зооинжинер-статистикч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөн ирээд ХААИС-ийн МЗБСФ-д багшилж мөн эрдэм шинжилгээний ажил хавсран гүйцэтгэж 1998 онд ХААИС-д "Хуурай саам үйлдвэрлэх технологи" сэдвээр магистрын зэрэг хамгаалсан байна.
Улмаар 2002 онд Норвеги улс руу докторантурт сурахаар явсан. 2014 онд Норвеги улсын Амьдралын Шинжлэх Ухааны Их Сургуульд (NMBU) ХААУ-ны (PhD) докторын зэргийг “Mongolian mare milk production” сэдвээр хамгаалсан. Монгол гүүний саамны судалгааг зун, намрын улирал, Хангай, Хээр, Говийн бүс нутгуудаар харьцуулсан судалгаа хийж Скандинавын шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлүүд нь Норвеги, Дани, Шведийн эрдэмтэд, профессоруудаас өндөр үнэлгээ авсан.
Хөгжлийн бодлого. хөтөлбөр боловсруулан мөн Монгол орныхоо хөгжлийн төлөө бичдэг түүний нийтлэл, бичлэгүүд нь хүмүүсээс өндөр үнэлэлт авдаг өсөж яваа залуу улстөрч, эрдэмтэн, нийтлэлч юм. Ялангуяа Др. М. Найданхүүгийн бичиж, нийтэлж, ярилцлага өгч буй Баялгийн тэгш хуваарилалтанд тулгуурласан эдийн засгийн бодлого нь өнөөгийн манай хөгжлийн гол зорилго, зорилт болоод байна. Байгалийн баялгаа ашиглах, зарцуулах, хуримтлуулах Норвеги зарчим, бодлогыг өнөөдөр Төр засгийн өндөр түвшинд яригдаж эхлээд буй нь 2008 оноос түүний бичиж, ойлгуулж эхэлсэний үр дүн билээ.
Др. М. Найданхүү нь 2010 онд мөн МУИС-ийн ХЗС-ийг Эрхзүйч мэргэжлээр бакалаврын дээд зэрэгтэй төгссөн хуульчдын нэг юм. Тэрээр хөдөө орон нутгийн хөгжил, дэвшлийн төлөө нэн ялангуяа малчдын аж амьдралыг дээшлүүлэх, нүүдлийн мал аж ахуйн төгөлдөржилтийн төлөө хоршоолох, хамтаран ажиллах, шатлан үйлдвэрлэх хөгжлийн төлөө Норвеги улсын эрдэмтэдтэй хамтран олон тооны судалгааны ажил сүүлийн жилүүдэд хийж байна.
ХАА-н салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, эрхзүйч, хуульчийн хувиар Мал, амьтны эрүүл мэндийн тухай болоод Малын генетик, нөөцийг хамгаалax тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллан эдгээр хуулиудыг УИХ-аар батлуулахад идэвхи зүтгэлтэй ажилсан нэгэн билээ.
Мөн 2017 онд Өсдөг ургадаг баялаг хөгжлийн хөтөлбөрийг Норвеги багш нар, эрдэмтэдтэй хамтран боловсруулж Төр засаг, эрх баригчид, малчин түмэндээ танилцуулж эхлээд байна.
Др. М. Найданхүү нь одоо БСШУС-ын сайдын Шинжлэх ухаан, дээд боловсрол хариуцсан Зөвлөхөөр Эх орондоо эргэн ирж ажиллаж байна. Тэрээр Норвеги улсад товхинон, суурьшсан өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн бөгөөд Англи, Румын, Орос, Норвеги хэлний зохих түвшний мэдлэгтэй өнөөгийн манай сэхээтнүүд, соён гэгээрүүлэгчдийн манлайлал, Булган нутгийн бас нэгэн бахархал билээ. (Булган аймгийн Орхон сум байгуулагдсаны түүхт 60-н жилд зориулсан номноос...).