Ерөнхийлөгчийн багаас ПАРЛАМЕНТ РУУ илгээж буй ЗӨВЛӨХҮҮД
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-05-08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ирээдүй болсон оюутан залуусыг дэлхйин шилдэг эрдэмтэн болгох том зорилго тавьж, дэлхийн томоохон их сургуулиудад шалгалт өгч тэнцсэн оюутнуудын сургалтын төлбөр, байрны зардлыг төрөөс даах шийдвэр гаргаж “Илгээлт 2100” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа билээ. Энэ бол боловсролын салбарт урьд өмнө байгаагүй том алхам бөгөөд Ерөнхийлөгчийн алсыг харсан чухал шийдвэрүүдийн нэг юм. Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 516 тэтгэлгийн эзэн хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрийнхөө үр дүнгээр анхны даваагаа амжилттай давж, АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд элсэн суралцаж байна.

Тэгвэл Ерөнхийлөгчөөс сурагчдын адилаар ЗАХИАС ДААЛГАВАР АВАН, улс орны хөгжил цэцэглэлт, ахуй амьдрал, нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт өөрийн сурч мэдсэнээ хэрэгжүүлж, бодож санасанаа гүйцэлдүүлэхээр ДАРААХ ЗӨВЛӨХҮҮД нь улстөр рүү хүч сорихоор горилж буй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар 2024 оны парламент 126 гишүүнтэй байна. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн эрх хумигдаж, Ерөнхий сайд эрх мэдэл үлэмж нэмэгдсэн. Хууль санаачлах эрхтэй гурван гол институцийн нэг нь Ерөнхийлөгч. Тийм ч учраас өөрийн санаачилсан хууль, боловсруулсан тогтоол, гаргасан Зарлиг, шийдвэрээ УИХ-д танилцуулж баталгаажуулахын тулд түүнд парламент дахь хүч нь зайлшгүй хэрэгтэй. Ийм учраас нийгэмд танигдсан, бүтэн нэртэй, туршлагатай, хүчтэй кандитатуудыг өөрийн багаас УЛСТӨР РҮҮ илгээх нь Ерөнхийлөгчийн бодлоыг цөм нь байх учиртай.

ЖАДАМБААГИЙН ЭНХБАЯР:

Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндэсний аюулгүй байдал, улстөрийн бодлогын асуудлаар зөвлөдөг. Өмнө нь 2008-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. 2020 оны сонгуульд ЖДҮ сангийн зээлийн асуудлаас болж нэр дэвшилгүй өнжиж, Ерөнхий сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр ажилласан. 2021 оны 06 сараас 2024 оны 01 сар хүртэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай. Улстөр, аюулгүй байдлын талаар мэргэшсэн улстөрч. 2024 оны сонгуульд Төв, Сэлэнгэ, Дархан-Уулыг нэгтгэсэн төвийн бүсийн тойрогт горилж буй нэгэн. Сэлэнгэ аймагт үхрийн фермтэй. Дархан-Уул аймагт ковидын үед онцгой дэглэм тогтоох ажлыг гардан зохион байгуулсан.

СҮРЭНЖАВЫН ЛҮНДЭГ:

Сүрэнжавын Лүндэг нь 1989-1999 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 2000-2004 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгсөж, 2012-2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүн байхаас нь л нөхөрлөж шадарласан. Ерөнхий сайд, Шадар сайд байхад нь ажлын албаны дарга, ахлах зөвлөх, гишүүний зөвлөхөөр ажилласан. Нэр зохиолч Ш.Сүрэнжав гуайн зээ хүү. Нийгэм, соёл талдаа илүү оролцоотой учраас түүнийг Ерөнхийлөгчөөс санаачилсан нийгэм, соёлын хуулиудыг дэмжүүлэх зорилгоор, энэ чиглэлийн гол түшиц нь гэж үзэн багаасаа УИХ- руу илгээж байгаа аж.

БАТСУУРИЙН ДАВААДАЛАЙ:

Улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь “эдийн засаг” учраас Ерөнхийлөгч өөрийн хүнээ эдийн засгийн гол гол асуудалд хүч нэмүүлж, ухааныг нь дайчлахаар илгээсэн нь Батсуурийн Даваадалай. Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн “шошготойгоор” Баянхонгор аймгийг сүүлийн гурван жил услаж, мотоцикьл тараагаад амжсан. Бүсчилсэн хөгжил, томсгосон тойргийн сунгаанд МАН-ын нөхдүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж буй нэгэн. Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч, Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх, Дэлхийн банкинд эдийн засагчаар ажилласан дэлхийн хэмжээний ЭДИЙН ЗАСАГЧ нэгэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг мөнгө санхүү, эдийн засгийн бодлогыг УИХ-д хамгаалж, дэмжүүлэхээр илгээж буй. Гагцхүү олуулаа чихэлдэж буй ХАНГАЙН БҮСИЙН МАН-ын хороодоос дэмжлэг авч чадах эсэх нь л эргэлзээтэй байна.

ТОГТМОЛЫН МӨНХСАЙХАН:

Эрүүл мэндийн салбарын цөөн хэдэн сар удирдаад үзсэн, олон хүнд хагалгаа хийж хөл дээрээ алхах боломж олгосон, маш нарийн ажиллагаатай мэс ажиллабарыг Монгол улсынхаа эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт нэвтрүүлж, нутагшулуж чадсан зэрэг амжилтаараа Төрийн соёрхол хүртсэн залуу боловсон хүчин. Одоо “эрүүл мэндийн салбартаа мэс засал хийж эмчлэх” зорилготойгоор УИХ-д горилж байгаа нэгэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсзхийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг удирдаж, архи, тамхины хэрэглээг бууруулах, хорт хавдрыг эмчлэх зэрэг олон нийтэд тустай чухал төслүүдэд гар бие оролцож байгаа. 2017 -2021 онд докторын сургалтад суралцан 2021 онд Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан. Клиникийн профессор, төрийн соёрхолт мэс засалч. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Монгол Ардын намын даргын зөвлөх, 2021 оны 7 сараас Монгол улсын ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд 2024 оны сонгуульд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэлдээ ороод байна.

ӨЛЗИЙБАЯРЫН ЗОЛБАЯР:

Өлзийбаярын Золбаяр нь 2001 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай лицей анги,  2001-2006 онд ШУТИС-н Эрчим хүчний инженерийн сургуулийг Цахилгаан системийн инженер мэргэжлээр төгссөн. 2005 онд “Мишээл” агентлагт хөтлөгч, сэтгүүлзүйн курс, 2013 онд “СNN” телевизийн төлөвлөлт арга зүйг судлах семинар, 2014 онд “СNN” телевизийн загвар судлах ахисан шатны сургалт, семинар, 2016 онд Норвегийн Хаант Улсад Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт, семинар, 2017 онд Канад улсад “PDAC-2017” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулалтын чуулган, сургалт, семинарт тус тус хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн. “Эх орон” FM 102.1 радиод найруулагч, хөтлөгч, “ТМ” телевизийн парламентын сэтгүүлч, мэдээний албаны дарга, “Ийгл” телевизэд тоймч, ахлах редактор, 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд ЕТГ-ын хэвлэлийн албаны даргын алба хашдаг. 2024 оны УИХ-ын сонгуульд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэсэн ГОВИЙН БҮСЭЭС гишүүн болохоор горилж УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Саранчимэг, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нартай дөрөө харшуулан халгиж яваа нэгэн. Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудалд сүүлийн үед онцгой анхааран анхаархын зэрэгцээ говийн аймгуудыг ГОЛТОЙ, УСТАЙ БОЛГОХ том төслүүдийн тухай ярих болсон. Ерөнхийлөгч түүнийг байгаль орчин, эзологи, нийгмийн асуудлуудад дэмжих гол хүч, нэр цэвэр залуу улстөрч хэмээн сонгож нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлээд байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.159.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.