Д.БАТБАЯР: Бүх зүйл цахимд шилжиж байхад ХЭСГИЙН АХЛАГЧ гэсэн нэртэй МАН-ын амьд троллуудыг ЦАЛИНЖУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ
З.Батхуяг
Ярилцлага
/
3 цаг 59 мин

Засгийн газраас 2026 оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Үүнтэй зэрэгцэн Багш, эмч нарын үйлдвэрчний эвлэлийн холбоод ЦАЛИНГАА НЭМҮҮЛЬЕ, ахмадууд тэтгэврээ нэмүүлнэ хэмээн төв талбайд суулт зарлаад буй. Төсөв тойрсон асуудлын хүрээнд цалин тэтгэврийг нэмэх боломж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн төсвийн зарлагын дэд хорооын дара Д.Батбаяр мэдэгдээд буй. Тэрбээр нийслэлийн 9 дүүргийн 204 хороодод ажилладаг хэсгийн ахлагч нарын авдаг урамшууллыг танаж ЦАЛИН ТЭТГЭВЭР лүү шилжүүлье хэмээн мэдэгдсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Яг энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Батбаяртай ярилцлаа.

Таны хувьд нийгмийн салбарын гол асуудал болоод буй БАГШ ЭМЧ НАРЫН ЦАЛИН, ахмадын тэтгэврийг нэмэх санхүүжилтийг хэсгийн ахлагч нарын урамшууллыг танах хэлбэрээр шийдье гэдэг санал гаргасан чинь олон нийтэд таалагдахгүй, шүүмжлэл дагуулаад байна. Яагаад ийм санаа гаргасан юм бэ..?

Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын ЦАЛИНГ НЭМЭХ НЬ ЗӨВ гэдэгт бүгд санал нийлсэн. Харин хаанаас ямар эх үүсвэр гаргаж цалин нэмэх вэ гэдэг дээр шийдэл ярихгүй байна. УИХ дахь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувиар эх үүсвэрүүд дээр  сууж, судлаж үзсэн юм. Харж байхад нийслэл дээр маш их сул зардал байгаа нь ажиглагдсан. Ихэнх сургууль, эмнэлэг чинь байршлын хувьд нийслэлд байна. Тийм учраас Боловсролын яаман дээр овоорчихсон энэ сургуулиудыг нийслэл рүү, эрүүл мэндийн яаман дээр овоорсон эмнэлгүүдийг нийслэл рүү нь шилжүүлье. Даахгүй нохой булуу хураана гэгчээр төр цалин хөлсийг нь ч олигтой нэмж чадахгүй байж яаман дээрээ баахан сургууль, эмнэлэг хариуцдагаа больё гэсэн санаа гаргаж, орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлэх нь зөв гэж харсан. Учир нь нийслэл мөнгөтэй байна. Зөвхөн нэг жишээ нь л энэ хэл ам дагуулаад байгаа хэсгийн ахлагч нарт олгодог мөнгө. Энэ мэтээр төсвийг хэрэгтэй зүйлд нь зарцуулъя гэж байгаа л санаа. Ер нь цаашдаа эмнэлэг, сургуулиудыг бие даагаад явах менежмент хийх боломжийг нь олгоод өгвөл цаашдаа урсгал зардал, хөрөнгийн зардал нь багасна. Ингэж огцом, 180 градус эргэсэн өөрчлөлтийг одоо л хийхгүй юм бол энэ зовлон цаашдаа байгаад л байна.

Олон нийтээс таны энэ санаачилгыг төдийлөн дэмжихгүй, харин ч шүүмжлээд байна шүү дээ? Та ер нь анхан шатанд, хотын гэр хороололд нохойд хөөгдөж, шөнө дөлөөр ч хамаагүй төрийн үйлчилгээг иргэнд хүргэх гэж явж үзсэн үү?

Үзэлгүй яах вэ... намайг зүгээр нэг жагсаалтаас ороод ирсэн хүн гэж бодож байна уу... Би чинь 2020 онд орон нутгийн сонгуульд нэр дэвшиж явахдаа бүтэн жил жингээ хотын гудамжаар явсан. Миний царай хар байгаа биз. 2020 онд яваад ийм болчихсон юм. Мэдээж хэсгийн ахлагч нарын хэрэгтэй үе байдаг. Хийх ажил нь хэрэгтэй үе бий. Одоо бол тийм ч чухал биш болсон. Төсвийн төслийг сөхөөд нэг хараарай. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ЗАРДАЛ гээд их хэмжээний мөнгө тусгасан байдаг. Энэ чинь төрийн үйлчилгээг хүний оролцоогүй, түргэн шуурхай байлгах үүднээс л ЦАХИМД ШИЛЖИНЭ гэсэн санаа. Ингээд л яваад байгаа. Хийгдээд л яваад байна. Хүний хийдэг бүх ажлыг цахимд шилжүүлнэ гэсэн үг. Өнөөдөр ихэнх хүн гар утастай болчихсон. Төрийн үйлчилгээг бид гар утсаараа авдаг. Энэ мэтчилэн хэсгийн ахлагч нарын хийдэг ажил багасаад, цахимд шилжээд байгаа биз дээ. Та гэр хорооллоор явж үзсэн үү гэнэ. Би чинь монгол хүн. Би чинь орон нутгаас сонгогдсон хүн. Би хэсгийн ахлагч нар шиг явдаг, иргэд сонгогчидтойгоо уулздаг. Ингэж асуух чинь ДОРОМЖЛОЛ шиг санагдаж байна. Хэсгийн ахлагч нар хаана ажиллавал, яаж ажиллавал хэрэгтэй вэ гэдгийг нь санах хэрэгтэй.

Та бол иргэдийн саналыг авах гэж явдаг юм байж. Харин хэсгийн ахлагч нар чинь төрийн үйлчилгээг 1,2 сая төгрөгийн урамшуулалтайгаар түмэнд хүргэдэг юм. Таны явсан чинь түр зуурынх, энэ хүмүүсийн ажил нь байнгынх шүү дээ? Төрийн албан хаагч биш. Та төрд, анхан шатанд ажиллаж байгаагүй хүн билээ

Та шууд ингэж мушгиж болохгүй. Амьдрал мэдэхгүй байж анхан шатны ажилтнуудыг үгүйсгэлээ гээд байна. Би амьдрал маш сайн мэднэ. Хэсгийн ахлагч нарын хийдэг ажлыг мэддэг учраас зоригтойгоор дуугараад байгаа нь энэ. Мэдэхгүй зүйлээ ярихгүй байгаа биз дээ. Би боловсролын салбарын ажилчдын цалинг яаж нэмэх вэ гэдэг дээр юм ярихгүй байгаа. Эрүүл мэндийн салбарт хэнийх нь цалин бага, хэнийх нь их байгаа, хаана нь хийдэл байгаа бас мэдэхгүй учраас ярьдаггүй. Миний сайн мэддэг зүйл гэхээр ХЭСГИЙН АХЛАГЧ НАР юу хийдгийг сайн мэддэг. Анхан шатны нэгж, баг, хороо, хэсэг дээр юу болдогийг мэднэ. /Надад бичлэг ч бий. Үзүүлэх нь хаашаа юм. Таны санааг ойлгож байгаа учраас би ч бас утсан дээрээ энэ яриаг давхар бичлээ/

Энэ хүмүүс чинь улсын төсвөөс бус орон нутгаас урамшуулал авч цалинждаг гэдгийг эрх биш гадарлана биз дээ? Эдний цалинг хасчихвал төрийн шийдвэрийг уулан дээр, жалганд байгаа айлуудад хэн яаж хүргэх юм бэ? Таны ярьсан ЦАХИМЖУУЛАЛТ гэдэг чинь ачир дээрээ хэрэгждэггүй шүү дээ

Түрүүн яриан дунд хэлсэн шүү дээ. төсвийн ерөнхийлөн захирагч болгоны төсөвт цахижуулалтын мөнгө суусан. Одоо наад цахимжуулалтын биелэлтийг чинь шаардах ёстой. Маш олон жил ярьсан цахимжуулалтын мөнгө хаашаа яваад байна вэ гэдгийг бодох ёстой. Цахимжуулалтыг хэрэгжүүлэхгүйн тулд л энэ хүмүүсийг дүүрэг, нийслэлийнхэн гэрээгээр ажиллуулах нэрийдлээр байлгаад байна. Бид шаардах ёстой.

Хууль санаачлагчаар ажиллаж байгаа танд энэ хуулийн биелэлтийг шаардах, ЦАХИМЖУУЛАЛТЫН ҮР ДҮНГ нэхэх, бүүр болохгүй бол хууль санаачлан батлуулах эрх нь ч нээлттэй шүү дээ

Яг наад асуудлаар чинь ажиллаад явж байгаа. Процесс нь удаан юм. Та надад миний ажлыг яриад байна. Бүх төрлийн судалгааны ажил явж байгаа. Энийг би цээжнээсээ ярьж болохгүй. Судалгааны дараа юу хийх, яах ийх нь аяндаа тодорхой болно. Миний энэ санаа бол зөвхөн эхлэл. Эрх зүйн байдлын тухай хууль, нэгжийн тухай хуульд юу гэсийн гэдэг нь тодорхой болно.

Тэгээд хуулиа санаачилчихаад ярихгүй яагаад өөртөө гал дуудсан юм бэ

Гал дуудахгүй гээд яах юм. Засаж залруулж болох зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Ямар шийдэл санаа байгаа юм бэ гэдэг талаас нь асуухгүй бол мушгисан ч юм шиг, санаа зорилготой ч юм шиг болчихоод байна.

Зүв зүгээр ажлаа хийгээд явж буй 2000 орчим хэсгийн ахлагч нарыг цомхотгоно, цөөлнө гэдэг чинь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна шүү дээ? Мушгисан зүйл үгүй ээ. Арай өөр агуулгаар наад санаагаа илэрхийлэхгүй дээ л гэдгээ хэлсэн юм.

Хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа 1955 хүний тухай ярьж байгаа. Би яг нарийн тоог нь мэдэхгүй байна. Гэхдээ нэлээд хэсэг нь тэтгэврйин насныхан байдаг. Нийслэл надад нарийн тоо гаргаж өгөхгүй байна. Намайг энэ санааг сошилд бичсэний дараа сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн 67% нь “наад хүмүүс чинь намын угшилтай шүү” гэсэн мэдээлэл өгсөн. Тэдгээр чинь нэг зорилготой, сонгуулиар ажилладаг, дээрээс даалгавартай, чиглэлийн дагуу сошил дээр ажилладаг, эрх баригч намын “АМЬД ТРОЛЛ” гэдэг мэдээллийг надад өгч байгаа. Энэ бол миний итгэл үнэмшлийг улам баталгаажуулаад байгаа.  Би буруу бодоогүй юм байна гэдэгтээ харин ч итгэлтэй байна.

Гаргасан санаачилга чинь олон хүний дургүйг хүргэсэн нь ойлгомжтой. Дайралт, заналхийлэл хэр байна вэ?

Аа нэлээд ирж байна.

Улстөрч болох гэж байгаа хүн чинь ийм зэргийн шүүмжлэл даана биз дээ?

Их л зузаан арьстай байх гэдэг юм билээ тэ. Гэхдээ ямар ч гэсэн дуустал нь явна. Хэсгийн ахлагч гэдэг чинь үндсэндээ эрх барьж байгаа намын хөл нь шүү дээ. тэрийгээ таслахгүйн тулд эд нар чинь тэмдэг юм байна. Улстөрийн дайралт ч мэр сэр ирж байна.

АН-д байсан зовлон одоо МАН-д халдварлаад, сүүлдээ ТӨР ГАНХАХ хэмжээнд хүрлээ. Ах намын зодооныг сөрөг хүчний улстөрчийн хувьд хэрхэн хүлээн авч, ямар дүгнэлт хийх вэ?

Төр орших уу, эс орших уу гэдгийг Үндсэн хуулийн цэц шийдсэн. Ингээд ч дуусахгүй байх. Цэцийн шийдвэр МАН-ын даргын төлөөх олон ангит киноны нэг ангийнх нь л төгсгөл. Энэ ахиад цаашаа үргэлжилнэ гэж харж байна. Эрх баригч нам үнэхээр асар хүчтэй, нийгэмд нөлөөтэй гэдэг нь илт байна. Сонгуульд хамт өрсөлдсөн намууд ялахгүй байсан нь аргагүй юм байна гэдгийг мэдэрлээ. Бага хурал дээрээ, УЗ дээрээ шийдсэнгүй. Тэгээд 126 гишүүнтэй парламент руу шилжүүлээд ТӨРИЙН ЗОВЛОН БОЛГОЧИХСОН нь бодит үнэн. Төрийн шийдвэр гаргах үйлдлийг гацааж, удаашруулж байна. Одоо бол үнэхээр АЮУЛТАЙ ТҮВШИНД ШИЛЖЛЭЭ. Манай намыг өмнө нь тамгыг нь хоёр хувааж байгаад талцуулж зодолдуулан тоглож байсан. Гэвч бид сонгуулийн өмнө эвлэрсэн, нэгдсэн. Гэхдээ манай намынхан Үндсэн хууль зөрчөөгүй, дэг зөрчөөгүй. Тийм чадал бяр чадал ч байгаагүй л дээ. МАН-ын зовлон хурдан дуусаад үндсэн ажилдаа ороосой л гэж бодож байна. Өвөлжилт хүндрэх нь. Бензин тосны хомсдол, тог цахилгааны тасалдал, малчдын ахуй гээд тамганы хэрүүлээс чухал зүйл олон байна.

Төрд тангараг өргөөд УИХ-ын гишүүн болоод нэг жил гурван сар болжээ. Үндсэн үүрэг чинь ХУУЛЬ САНААЧЛАХ, БАТЛУУЛАХ. Энэ хугацаанд хичнээн хууль санаачлан батлуулав даа?

Би гишүүн болсноосоо хойш зургаан ажлын хэсэгт орсон, нэг том хууль санаачлан боловсруулж байгаа. Нэг хуулийн ажлын хэсгээс өөрийн саналаараа гарсан. Хоёр ажлын хэсэг маань татан буугдсан. Төрийн хяналт шалгалтын хуулийн ажлын хэсэгт багтаж боловсруулаад өчигдөр дуусгаад гарын үсгээ зурсан. Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгээс гарчихсан.

Эрх ашиг таарсангүй юу, үзэл бодол таарсангүй юу?

Эрх ашиг бус үзэл бодол таарсангүй. Электрон тамхины татварыг оногдуулах зорилготой л хуулийн төсөл байна лээ. Нэгэнт өөрчилнө гэж байгаа бол маш том хэмжээний өөрчлөлт хийчих боломжтой гэж харж байгаа.

Тухайлбал ямар өөрчлөлт...?

Янжуур ч бай, электрон тамхи ч ялгаагүй гар дээрх худалдааг хориглож брэндинг машинаас цахим худалдан авалтаар худалдаж авдаг болгоё. Ингэхээр худалдан авалт, цахимжилт, татвар төлөлт гээд бүгдийг нь нэг доороос шийдэж болно. Ийм зүйлийг дэмжээгүй учраас би ажлын хэсгээс гарсан. Дараагийнх нь ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ажлын хэсэг бас байгаа. Хэрэглэгч бол хаан гэдэг ойлголт 1990-д онд брэнд болж байсан. Одоо тийм биш. Үйлчлэгч байгууллага хятад бараа шахаад худалдан авагч буюу үйлчлүүлэгчээ хохироодог болчихсон. Үүнийг засахын тулд зах зээлийн зарчмаар шийдэгддэг байх хуулийг бий болгохын төлөө ажиллаж байна.

Засгийн газраас бас таны саяын ярьсантай төстэй хууль санаачлаад явж байна лээ шүү дээ, анзаарсан уу?

Ямар хууль.

Н.Учрал сайдын ахалсан “Эдийн засгийн эрх чөлөөний тухай”  билүү дээ. бизнесийнхэнийг дэмжих хууль...

Бүтэхгүй. Эд нар 10 жил Засаг барьлаа. Нээх гоё зүйл ярьдаг. Яг ачир дээрээ намынхаа эрх ашгийг хамгаалсан, дэмжсэн, өөрсдийн бизнестээ давуу эрх олгосон муухай зүйл л хийдэг юм билээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сансар (202.55.188.91) 2025-10-24 18:01:41
Орон нутагт бол хэсгийг ахлагчын хэрэг алга иргэд өөрсдөө л тэр багаараа дамжиж ажил асуудалаа шийдэж бна.Улс орны гол хүчин зүйл болсон боловсролын салбараа дэмжиж цалин хөлсийш нь нэмэх хэрэгтэй ш дээ.Ямар ч иргэдэд хүрдэггүй илүүц болсон орон тоогоо цомхтгож төсөв санхүүгээ тарахгүй хэсгийн ахлагч шиг хэрэгтэй юм алга гэж худалаа шүү тэр хэсгийн ахлагч нар бол сонгуулын үеэр нь хэрэг болдог байх.Аймаг орон нутагт бол нээх хүрч ажилласан юм бол алга.