Н.АЛТАНШАГАЙ: Хэсгийн ахлагчдыг ЦАЛИНГ ХАСНА гэж АД ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ. Харин ЦАЛИНГ НЬ НЭМЖ, төрийн үйлчилгээний албанд оруулах хэрэгтэй
З.Батхуяг
Ярилцлага
/
11 цаг 40 мин

УИХ-ын гишүүн Н.АЛТАНШАГАЙТАЙ ярилцлаа. Нэр бүхий гишүүн хэсгийн ахлагчдын цалинг хасъя гэх саналыг гаргаад байгаа бол Н.АЛТАНШАГАЙ гишүүн харин эсрэгээр нь цалинг нь нэмж, статусыг нь төрийн үйлчилгээний алба хаагч болгож нэмэгдүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. Бид энэ талаар цөөн хором ярилцлаа.

Цалин, тэтгэврээ нэмүүлье гэж ахмадууд, багш эмч нар жагсаж байна. Та бол нэмье л гэж байгаа. Харин яаж нэмэх вэ. Гарц гаргалгаа, нэмэлт санхүүжилж байна уу?

Багш, эмч нар цалингаа нэмүүлье гэж, ахмадууд тэтгэврээ өсгөе гэж сууль зарлаж байна. Засгийн газраас тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх төсвийг олж 15-20% -иар цалин нэмж, тэтгэврийг 8% нэмэх шийдвэр гаргасан. Харин бусад салбарынханы цалингийн нэмэгдлийг огт ярихгүй байгаа шүү. Соёл урлагийнхан, төрийн үйлчилгээнийхэн гээд. Бүгдийг нь жигд нэмэх хэрэгтэй. Хаанаас, яаж нэмэх боломжтой вэ гэдгийг бид хэлэлцэж байна.

Нэр бүхий УИХ-ын гишүүн хэсгийн ахлагч гэх албан тушаал хэрэггүй. Цалинг нь эмч, багш нарынх дээр нэмье гэдэг санал ч бас гаргаж байна лээ. Та санал нийлэх үү...?

Хэсгийн ахлагч гэдэг бол дүүрэг, хорооны Засаг даргатай гэрээ хийсний үндсэн дээр төрийн анхан шатанд хүрч айл өрхүүдэд төрийн мэдээллийг хүргэдэг ийм ажил. Нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны 530 гаруй мянган өрхөд мэдээлэл хүргэдэг 1915 хэсгийн ахлагч яг өнөөдрийн байдлаар ажиллаж байна. Төрийн албан хаагч биш, төрийн үйлчилгээний албан хааг ч биш. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилладаг л хүмүүс. Эднийг төрийн үйлчилгээний албан хаагч болгож, цалингийн зэрэглэлд оруулж албажуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Тэд нар чинь өглөө орой, шөнө өдөргүй ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэл, элдэв осол гэмтлээс хүний амь нас аварч, хүйтэнд даарч, халуунд ядарсан ч төр, түмний төлөө зүтгэдэг чухал үүрэгтэй. Хот нийтийн аж ахуйн асуудлыг хүртэл тэдний оролцоотой шийдэгддэг. Нэг хэсгийн ахлахчид 870 гаруй иргэн, 270 орчим өрх оногддог. Тэднийг төрөөс ямар нэг урамшуулал авдаггүй. Бензин, хоолны зардал гаргуулдаггүй. Анхандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байсан. Өнгөрсөн 3 сард НИТХ-ын хурлаар хэсгийн ахлагчдын цалинг 1,200 мянга болгож нэмсэн. Хүнд нөхцөлд ажилладаг тэднийг АД ШОО ҮЗЭЖ, цалинг нь хасна гэдэг бол буруу шийдэл.

Дүүргийн Засаг дарга байхдаа хорооны иргэд, хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж, хүнд хэцүү байгааг нь та сайн мэдэж байна. Харин сөрөг хүчний улстөрч чинь мэдэхгүй явна. Зүгээр л эрх баригч намын сонгуульд ашиглагддаг, АМЬД ТРОЛЛУУД гээд ярьж байна шүү дээ.

Хэсгийн ахлагч нарын цалин чинь улсын төсвөөс бус орон нутгийн төсөв, нийслэл дүүргээс гардаг. Ингэж яриад байгаа хүн чинь өөрөө зовлон мэдэхгүй, тэдний ажлыг хийж үзээгүй, төрийн анхан болон дунд шатанд ажиллаж үзээгүй л нөхөр. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, хог шороо, гэрэл чийдэн, зам харгуй гээд ахуйн хүрээний маш олон ажилд туслаж, төрийн ачаанаас үүрэлцдэг. Өөрөө зовлонг нь туулж үзээгүй байж хөнгөн хуугай хандаж, попорч болохгүй. Улсын төсөв дээр хэсгийн ахлагч нарын цалин гэсэн нэг үсэг ч байхгүй шүү дээ. Миний хувьд бол хэсгийн ахлагч нарыг харин ч сайн дэмжих ёстой юм шиг санагддаг.

Нэгэнт төсвийн талаар ярилцаж байгаа юм чинь “ХАВДАР СУДАЛАЛ II” төслийн талаар сонирхъё. Энэ жилийн төсөвт хэдий хэмжээний мөнгө тавигдав. Түүгээр юу хийж болохоор байна вэ?. Та үүн дээр нэлээд эрчимтэй ажиллаж байгаа даа?

Хавдар бол монголчуудын дундах “чимээгүй дайн” болоод удаж байна. Дэлхийд хавдрын өвчлөлөөрөө Монголчууд л дээгүүрт эрэмбэлэгддэг. Хатуу боловч үнэн нь энэ. Үүнд онцгой анхаарч байгаа. Бидний зүгээр Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нутагт 15 га газар шийдэгдэж, хашаалчихсан. Цэцэрлэгжүүлэлт, тохижилтын ажил нь эхэлсэн. Хавдрын асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарч байгаа. 2026 оны төсөвт 41 тэрбум төгрөг суусан. Үүгээр “А”, “Б” блокийн барилгыг барина гэж төлөвлөсөн. Зураг төслийн ажил нь Сангийн яаман дээр явж байгаа. Энэ эмнэлэг ашиглалтад орчихвол хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх, цогц төв болох юм. Одоогийн байгаа хавдрын эмнэлэг бол ачааллаа дийлэхээ больсон. Засвар шинэчлэл ч олигтой хийгддэггүй ийм бодит байдалтай байгаа.

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр анхаарлын төвд оруулж сануулахгүй бол төсвийг нь сэмхэн хасчих вий дээ, гишүүн ээ?

Гайгүй явчих байх. Эрүүл мэндийн сайдтай уулзаж ярилцаж хэлсэн. Энэ эмнэлгийг зүүн бүсэд байгуулдаг нь хотын төвлөрлийг бууруулах зорилготой. Бас гадгаш эмчилгээнд алдаж буй мөнгөн урсгалыг дотооддоо барьж, чадварлаг монгол эмч нараа дэмжих, хүн амын дундах өвчлөлийг эрс бууруулах, урьдчилан сэргийлэх, өвдсөн хойно нь эмчлэх бус эхлэж мэдээд хөнгөн дээр нь эрүүл болгох гээд эдийн засаг, эрүүл мэнд талаасаа ихээхэн ач холбогдолтой төсөл шүү дээ. Тийм учраас гайгүй явчих байх.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.