Монгол улс ардчилсан, чөлөөт, зах зээлийн нийгмийг цогцлоон бүтээснээс хойш 35 жилийг ардаа үджээ. Нэг намын тогтолцоо, төлөвлөгөөт эдийн засгийн систем нь Ардчилсан нийгэмд зохицохгүй тул иргэд өөрсдөө төсвөө бүрдүүлж, түүнийгээ захиран зарцуулдаг, үр дүнг нь хүртдэг байх шинэ шийдлийг хамтдаа бүтээсэн нь энэ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. 1992 оны Үндсэн хуулийн гол амин сүнс нь “төрийн эрх бүх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт. Яг энэ заалтын агуулгын хүрээнд бид засаг төрөө сонгож өдөр тутмын аж амьдралынхаа хүрээ хязгаарыг заалгаж, зааглаж яваа.
Иргэн хэн ч байсан бусдын хөл дээр гишгэхгүй, танихгүй нэгний гэрт амьдрахгүй. Хүний эрхийг зөрчиж болохгүй гэсэн зарчмын дагуу ажиллаж, хөдөлмөрлөдөг. Иргэд өөрсдийн сонголтоо хийж, өөрсдийнхөө өмнөөс төр түшилцэж, бодлого зангидах, улс удирдаж, гүрнээ засаглах эрхийг цөөн тооны төлөөлөлдөө олгодог. Тэдгээр нь нийтийн эрх ашгийг тэгшитгэн дээдлэж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож, хууль болгон батлаж, хэрэгжүүлдэг.
Харин тэрхүү хуулийг хэрэгжиж байгаа эсэхийг хянах механизм нь хүчгүй байна.
Тэгвэл ИРГЭДИЙН ХЯНАХ ЭРХИЙГ хангаж өгье. Улсын төсвийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь ТАТВАР. Монгол улсад ажил хөдөлмөр эрхэлж буй хэнбэгуай ч хуулийн дагуу татвар төлөх үүрэгтэй. Энэ дагуу бүгд төлдөг. Харин төлсөн татвараа хаашаа, ямар бүтээн байгуулалт руу урсан орж байгааг мэддэггүй. Иргэдийн төлсөн татварын мөнгөөр ахмадын тэтгэвэр, эмч, багш нарын цалин, хүүхдийн мөнгийг олголог гэж Сангийн яам, Засгийн газар тайлбарладаг.

Гэвч тийм биш. Төрийн яам, тамгын газрын дарга нар туулах чадвар сайтай жийп, ухаалаг самбар, таблет, архи, бусдад өгөх бэлгийн багцанд “Говь”-ийн ноосон ороол, “Голдэн гоби” шоколадны набор гэх зэрэгт зарцуулдаг нь нууц биш. Нэгэн яамны газрын дарга ангийнхаа 20 жилийн ойн уулзалтын зохион байгуулахдаа татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс бэлгийн багц бэлдүүлж, тус тусад нь торолуулсан байв. Бас нэг жишээ: Уул уурхайн салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан ухаалаг дэлгэц, кофены аяга, кофе чанагт зэргийг худалдан авсан.
Нэг сайд өөрийн нэр, албан тушаалыг ил тод шигтгэн бичсэн шилэн цом их хэмжээгээр хийлгэсэн зэргээр татвар төлөгчдийн мөнгө зориулалт бус зүйл рүү урссан олон жишээ төрд элбэг. Иргэд үүнийг хянаж, хариуцлага нэхэж чаддахгүй, дуугүй өнгөрөөсөөр, тэд даварсаар. Буруу, дутуу, хуудуутай, алдаатай гээд хэлэхээр шүүх цагдаа, зөрчлийн хуулиар гул барьж, амыг нь хамхиж, амийг нь заналхийлдэг буруу жишиг тогтоод удсан.
Хөлс хүчээ зарцуулж олсон цалингаасаа эх орны хөгжил, бусдын амьдралд хуваан өгч байгаа хэсгийг хаана юун зарцуулж, ямар бүтээнб айгуулалтад шингэж байгааг хөдөлмөрчид өөрсдөө мэддэг, хянадаг байх тогтоцлоог илүү боловсронгуй болгох хэрэгтэй.
Монгол Улсын иргэн бүр төрд татвар төлж байгаа. Дэлгүүрээс худалдан авсан сүү, талх, чихэр жимс, дэвтэр үзэг бүхнийхээ хариуд НӨАТ төлдөг. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол далд эдийн засгийг ил болгох, худалдан авалт бүрээс төрд очих мөнгийг эцийн хэрэглэгчээс цуглуулж буй хэлбэр. Төр ийм маягаар хүн бүрийг худалдан авалтыг хянадаг. Тэгвэл иргэн өөрийнхөө төлж байгаа татварыг мөнгөөр хэн гэдэг дарга ямар таблет, ухаалаг дэлгэж, хэдэн төгрөгийн үнэтэй жийп, мөнгөн аяга, дурсгалын зүйл худалдан авч байгааг хянадаг болох нь шударга ёсны зарчимд илүү нийцнэ. Монголд хувь хүн бус хууль засаглана гэж эрх баригчид ярьдаг.

Засгийн газраас татварын хуулийн шинэчлэлт хийхээр хуулийн төсөл боловсруулж УИХ-аар хэлэлцэхээр болоод байна. Аж ахуй нэгж ч бай, хувь иргэнд ч бай ачаалал үүсгэж буй татварын дарамтыг бууруулж, ачааг нь хөнгөлнө гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгэчихсэн. Үүнийгээ биелүүлэхийн тулд салбар томоохон аж ахуй нэгжүүдтэй уулзаж саналыг нь авдаг. Харин Баянзүрх захын гадаа жимс зараад орлогоосоо татварт өгдөг, барилга дээр ажиллаад цалингаасаа татварт өгдөг энгийн иргэдээс огт санал авдаггүй. Тэднийг ажил хийж л байгаа бол дуугүй татвараа өг, өгөхгүй бол хаана, бооно, хална солино гэдэг хандлага гаргадаг.
Үүний оронд хандлагаа өөрчилж таны төлсөн татвараар улс оронд ийм үйлдвэр барьж, төчнөөн хүнийг ажлын байраар хангана, таны төлсөн татвараас ийм сургууль барьж өчнөөн хүүхдийг оруулна, энэ чухал хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулахыг зөвшөөрөх үү гэж асуудаг, зөвшөөрсөн тохиолдолд татвар авдаг, татвар төлснийх нь төлөө урамшуулж нэг жилийн хөнгөлөлт олгодог буюу иргэн төвтэй төлөвлөлт, хяналтыг бий болгох нь чухал.
Ингэж л иргэд төлсөн татвараа хянаж, буруу зүйлд зарцуулж байгааг олж мэдвэл хариуцлага тооцож чаддаг болох нь улс орны хөгжилд чухал түлхэц болно. Ардчилал хөгжсөн сүүлийн 35 жилд Монголчууд хязгааргүй, чөлөөт эрх эдлэсэн ч харуицлага хүлээх чавдар, хяналтын үүрэг гүйцэтгэх тал дээр ахиц гараагүй. Шударга дуугарч, алдаа олсон нэгнийгээ чимээгүй болгох зорилгоор хачин дарамталж, аль эсвэл мөнгө өгч амыг нь үдсээр өнөөгийн авлигажсан нийгэм бүрдсэн.
Бид хэдий болтол бурууг олж харсан ч нүдээ аньж, худал хулгайтай таарсанч амаа хамхиж, муу муухайг өөгшүүлж явах бэ.Эцсийн үр дагавар нь ядартлаа хөдөлмөрлөж байгаа иргэн таны нуруун дээр л ачаа болж ирэх учраас мэдээлэлтэй, хариуцлагатай, хэрсүү болъё. Иргэнийхээ төлсөн татварын мөнгийг юунд зарцуулахыг асууж чаддаг тогтолцоог сайжруулчихвал хууль тогтоох дээд байгууллагын нэр хүнд ч сайжирна. Хууль тогтоогчид сайн нэртэй, сайн парламент болохын тулд энэ мэт энгийн зүйлд анхаарвал туйлын чухал юм.
-
1 цаг 10 мин
-
1 цаг 34 мин
-
1 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 47 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин