
Монголын олон сургуулийн анги танхимд өнөөдөр багш нар нь багтах зайгүй, сурагчид нь нэг ширээнд гурвуулаа шахцалдан суудаг дүр зураг хэвийн үзэгдэл мэт болжээ. Зарим ангид сурагчдын тоо 60-д хүрч, боловсролын суурь зарчим болсон сурагч бүрд хүртээмжтэй, чанартай хичээл заах боломж үгүй болоод байна. Гэвч энэ бүх асуудлын ард боловсролын бодлого тодорхойлогчид ямар алхам хийж байна вэ?
Харамсалтай нь, хариулт нь олон нийтийг гайхшруулахын сацуу бухимдуулж байна. Боловсролын яамнаас саяхан олон сая төгрөгийн өртөг бүхий зөөлөн сандал, тансаг ширээ захиалгаар хийлгэн, албан тасалгааныхаа тав тухыг нэмэгдүүлжээ. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр хийгдсэн сонголт. Тэгвэл татвар төлөгчдийн хүүхдүүд өнөөдөр ямар ширээн дээр сууж байна вэ?
Бодит байдал дээр, нийслэл болон орон нутгийн сургуулиудад хэт олноор төвлөрсөн сурагчид нь хичээлийн орчин нөхцөлд нийцэхгүй, хэт хуучирсан ширээ сандал, хангалтгүй суудалтай нөхцөлд боловсрол эзэмшиж байна. Зарим сургуулиуд хичээлийн ачааллаасаа болоод хичээлээ өглөө, оройн ээлжээр явуулж, сурагчдыг нойр дутуу, анхаарал муутай болгоход хүргэж байна. Багш нарын ачаалал тэнгэрт тулж, сургалтын чанар муудаж, хүүхдийн сурах орчин өдөр ирэх тусам доройтож байхад, албан тушаалтнуудын "тав тух" нэгдүгээрт тавигдаж буй нь хэчнээн шударга зүйл вэ?
Зөөлөн сандалд тухалсан нэг хүн, хатуу ширээнд шахцалдсан 60 хүүхдээс үнэтэй юу?
Төрийн бодлого ард түмэнд чиглэх ёстой атал, эрх мэдэлд хүрсэн хүмүүс өөрсдийн ая тух, албан өрөөний гоёлыг чухалчилж байгаа нь шударга ёс, ирээдүй хойчийн төлөө гэсэн амлалт, үнэт зүйлсээ умартаж буй үйлдэл юм. Сайд, дарга нарт зориулсан сандал зөөлрөх хэрээр боловсролын чанар сайжирдаггүй. Харин хүүхэд бүр тохирсон ширээ, тухтай анги танхимд суралцах нөхцөл бүрдсэн цагт л боловсролын чанар бодитоор дээшилнэ. Хэрэв бид ирээдүйд боловсролтой, чадварлаг, ёс зүйтэй иргэдтэй улс болохыг хүсэж байвал өнөөдөр хүүхдийнхээ сандал, багшийнхаа орчин нөхцөлд анхаарах цаг аль хэдийн болсон. Зөөлөн сандал дээр суусан сайдын шийдвэр хатуу ширээн дээр сууж буй мянга мянган сурагчдын ирээдүйг шийдэж болохгүй.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 15 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 22 мин
-
Уржигдар 15 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 15 цаг 06 мин
-
Уржигдар 08 цаг 40 мин
-
Уржигдар 08 цаг 39 мин
-
Уржигдар 08 цаг 33 мин