УИХ-ын дарга С.Бямбацогт болон холбогдох Байнгын хороодын дарга нар, Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы үр дүн, баталсан хууль тогтоомж болон парламентын шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Энэхүү чуулган нь 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацааны дөрөв дэх чуулган бөгөөд УИХ үндсэндээ бүрэн эрхийнхээ тал хугацааг үр дүнтэй өнгөрүүлснийг онцоллоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Хаврын чуулганы хугацаанд нийт 35 нэгдсэн хуралдаан зохион байгууллаа. Гишүүдийн дундаж ирц 82 хувьтай байсан нь өмнөх намрын чуулгантай харьцуулахад оролцоо таван хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Чуулганаар нийт 278 хууль тогтоомж баталсны дотор 220 бие даасан хууль, 58 тогтоол багтжээ. Мөн Байнгын хороод 127 удаа хуралдаж, 263 асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ удаагийн чуулганаар бизнесийн орчныг дэмжсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан нь түүхэн ач холбогдолтой шийдвэр боллоо. Уг хуулиар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, үнэ тогтооход оролцохгүй байх зарчмыг хуульчилсан бөгөөд бизнест сөргөөр нөлөөлөх хууль батлагдвал зургаагаас доошгүй сарын дараа хэрэгжиж эхлэх тогтвортой орчныг бүрдүүлсэн. Мөн төрийн хүнд суртлыг бууруулах хүрээнд 41 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, зөвшөөрөл олгох шаардлагыг 2-3 дахин цөөрүүлсэн.
Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулснаар бага, дунд орлоготой иргэд болон жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн томоохон шийдвэрүүд гарсан. 792 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас чөлөөлж, хоёр сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулахаар болсон нь 1.3 сая иргэний өрхийн орлогыг дэмжих юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтөд хамрагдах босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Эдгээр татварын өөрчлөлтүүд нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Нийгмийн салбарт хийсэн томоохон шинэчлэлийн нэг нь 27 жилийн дараа шинэчлэн найруулсан Гэр бүлийн тухай хууль. Энэхүү хуулиар эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, хамтран амьдрагчийн харилцаа, үр шилжүүлэн суулгах асуудлыг зохицуулж, гэр бүлийн дагнасан шүүх байгуулахаар тусгасан. Эрүүл мэндийн салбарт Донорын тухай болон Цусны донорын тухай хуулиудыг баталж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилт, усны хомсдолыг шийдвэрлэх чиглэлээр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталлаа.
Парламентын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хяналттай болгох цахим шинэчлэлийг амжилттай нэвтрүүлсэн нь "E-Mongolia" системд "УИХ таныг сонсож байна" цэсийг байршуулж, 2.2 сая иргэн хуулийн хэрэгжилтэд санал өгөх боломжийг бүрдүүлсэн. Иргэд чуулганы шууд нэвтрүүлгийн үеэр QR код уншуулан хуулийн төслийг дэмжих эсэх саналаа өгөхөөс гадна гишүүдийн ирц, санал хураалтын дүнг бодит цагийн горимоор ил тод хянах боломжтой болсон.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Батжаргал Оюу Толгой төслийн менежментийн төлбөрийг 6 хувиас 3.4 хувь болгон бууруулж, 2.2 тэрбум ам.доллар хэмнэсэн болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.5 хувиас 7.9 хувь болгон бууруулж чадсаныг онцоллоо. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн эрчим хүч, эрүүл мэнд, онцгой байдлын салбарт чиглэсэн 200 сая еврогийн зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсныг мэдээлэв.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Наранбаатар царцсан 1522 төсөл арга хэмжээг цэгцлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн талаар мэдээлсэн бол БОХХАА-н байнгын хорооны дарга М.Мандухай Малчны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ерөнхий сонсгол амжилттай зохион байгуулж, малчдын санал бодлыг сонссон талаар танилцууллаа.
Холбоотой мэдээ
-
1 цаг 39 мин
-
1 цаг 45 мин
-
1 цаг 50 мин
-
2 цаг 41 мин
-
6 цаг 2 мин
-
2026-06-30