Стандарт бус гэрэлтэй 5,046 автомашин илэрч, 100 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
59 мин

Тээврийн цагдаагийн алба (ТЦА) болон Автотээврийн үндэсний төв (АТҮТ) хамтран стандарт бус гэрэл, гэрэлтүүлэгтэй тээврийн хэрэгслийг илрүүлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ.

Шалгалтын хүрээнд нийт 28 мянган тээврийн хэрэгслийн гэрлийг тусгай төхөөрөмжөөр шалгахад 5,046 автомашин стандартын шаардлага хангаагүй гэрэл, гэрэлтүүлэг ашиглаж байсан нь тогтоогдсон байна. Улмаар зөрчил гаргасан жолооч нарт нийт 100 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Мөн зөрчлөө хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, шалгалтыг эсэргүүцсэн 418 жолоочийн тээврийн хэрэгслийн ашиглалтын зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар албаныхан мэдээлэв.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 41 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг ашиглах журмыг зөрчсөн, эсвэл холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй жолоочийг 20 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгодог.

ТЦА-ны Орон нутгийн замын хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Чинбаатарын хэлснээр, зарим жолооч техникийн үзлэг, оношилгоонд стандартын шаардлага хангасан гэрэлтэй ордог ч дараа нь хэт тод, стандарт бус гэрэл суурилуулах тохиолдол түгээмэл байдаг аж. Ийм гэрэл нь эсрэг урсгалын жолоочийн харагдах орчныг хязгаарлаж, зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг тэрээр онцоллоо.

Албаныхны мэдээлснээр, нийт зам тээврийн ослын 30 орчим хувь нь шөнийн цагаар гардаг бөгөөд өнгөрсөн онд зам дээр эвдэрч саатсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 16 хүн амь насаа алдсан байна.

Иймд жолооч нарыг стандартын шаардлага хангасан гэрэл, гэрэлтүүлэг ашиглаж, холын болон ойрын гэрлээ зөв хэрэглэн, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг зөвлөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.