Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГИЙН УРИЛГААР Япон улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчиллаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 4 мин

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Хэлэлцээний үеэр хоёр улсын “хүн төвтэй”, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” бүх чиглэлд гүнзгийрэн хөгжиж буйг онцолж, Түншлэлийн Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган, нийтлэг зорилтын хүрээнд хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Энэ хүрээнд бүхий л түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг өргөжүүлэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дорвитой татахад давхар татварын хэлэлцээр байгуулах нь чухал болохыг харилцан нотоллоо. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхийн зэрэгцээ боловсрол, соёл, орон нутаг хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог гүнзгийрүүлэх талаар санал солилцов.

Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиохтой холбогдуулан хамтын ажиллагааны чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар талууд ач холбогдол өгч ажиллахаар боллоо. Түүнчлэн бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, НҮБ болон олон талт хамтын ажиллагааны бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.