Баянзүрх дүүргийг ӨӨРЧИЛЖ БҮТЭЭХ зорилготой АН-ын залуучууд чууллаа
Батхуяг
Үйл явдал
/
55 мин

Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй “Өөрчилье, бүтээе" Үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан залуучуудын холбооны салбар хорооны чуулган Баянзүрх дүүргээс эхэллээ. Тус чуулганы хүндэт зочноор БЗД-ын Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, УИХ-ын гишүүн бөгөөд Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн С.Цэнгүүн, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Э.Галбадрал, АН-ын ҮБХ-ны гишүүн бөгөөд АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билгүүдэй, АН-ын ҮБХ-ны гишүүн, АЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Баттуул, АЗХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга Г.Ариунболор нар оролцлоо.

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга А.Ганбаатар тус чуулганд оролцон үг хэлсэн бөгөөд тэрбээр “Тэртээ 1990 онд олон намын тогтолцоотой болсон үеэс хойш их зүйл өөрчлөгджээ. Баянзүрх дүүргийн нийт иргэдийн талаас илүү хувийг залуучууд эзэлж байна. Залуучуудын нийгмийн оролцоо өндөр байдаг газар хөгжил үргэлж байдагийг санаж, АЗХ-ын залуус та бүхэн зөвхөн өөрсдөө хөгжих бус бусдыг хөгжүүлэх үйлсийг түүчээлэн явахыг хүсье” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Нийт чуулганд оролцогч залуустаа улс төрийн оролцоогоо хангаж, нийгэмд дуу хоолойгоо хүргэхээр ирсэнд юун тэргүүнд талархал илэрхийлье. Та бүхний дуу хоолой, нийгмийн оролцоо Монгол улсын ирээдүйн хөгжлийн чиг баримжааг тодорхойлох учиртай. Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байхад залуучуудаа сонсдог, залуучуудаа оролцуулдаг байх нь нэн тэргүүний ялалтын үндэс болно гэдгийг тодотгон хэлэхийг хүсэж байна" хэмээгээд нийт чуулганы төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ.

Чуулганы хүндэт зочин АЗХ-ны Ерөнхийлөгч Э.Галбадрал хэлсэн үгэндээ “Ардчилсан намын залуучуудын байгууллага үүдээ нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн залуучуудын нийгмийн бодит оролцоог дэмжин ажиллахад салбар байгууллагын тэргүүний үүрэг оролцоо өндөр. Миний бие ажлаа аваад 40 хоног болох хугацаандаа 3 хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь нийгмийн хүлээлт өндөр байсныг харуулж байна. Цаашид дарга засагладаг бус залуучууд шийдвэр гаргадаг тогтолцоо руу АЗХ тэмүүлэх ёстой. Бид биендээ боломж нээж өгдөг, тайзыг нь засаж өгдөг хамт олон байх учиртайг санаж үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж байна” хэмээн хэллээ.

Ардчилсан залуучуудын холбооны үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт болон “Салбар байгууллагын тэргүүн сонгох журам” батлагдсантай холбогдуулан анхны чуулганыг Баянзүрх дүүрэг зохион байгуулж, шинэ тэргүүнээ дүрмийн нэмэлт, тус журмын дагуу сонголоо. Баянзүрх дүүргийн АЗХ-ны тэргүүнээр Б.Чинхүсэл сонгогдсоныг АЗХ-ны Ерөнхийлөгч Э.Галбадрал батламжлан салбар байгууллагын тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн юм.

Ардчилсан залуучуудын холбоо

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.