Сургууль, цэцэрлэгийн 270 мянган хүүхдэд УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГТ хамруулна
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 5 мин

Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамарсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдрөөс улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн эрт илрүүлэгт улсын хэмжээнд нийт 270,689 хүүхэд хамрагдахаар тооцоолоод байна. Үүнд:

  •  3 настай: Цэцэрлэгийн дунд бүлгийн 53,598 хүүхэд
  •  6 настай: ЕБС-ийн нэгдүгээр ангийн 75,838 сурагч
  •  11 настай: ЕБС-ийн зургадугаар ангийн 74,751 сурагч
  •  15 настай: ЕБС-ийн аравдугаар ангийн 66,502 сурагч тус тус хамрагдах юм.

Цаашид заасан насны хүүхдүүдийг жил бүр тогтмол эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ. Үзлэгийг сургууль, цэцэрлэгт нь суурилан зохион байгуулах бөгөөд хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэндийн цогц үнэлгээг хийхээр бэлтгэл хангасан байна.

Эрт илрүүлгийн хүрээнд хүүхдийн өсөлт хөгжил, харааны чадал болон харааны эмгэг, нурууны муруйлт, хавтгай тавхай, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээнүүдийг хийнэ. Мөн хүүхдийн хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх тандалт хийхээс гадна өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг давхар гүйцэтгэх юм.

Үзлэгийн явцад ямар нэгэн эрүүл мэндийн асуудал эсвэл эмгэг илэрсэн тохиолдолд хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээтэй шууд холбон, цаашдын эмчилгээ болон хяналтыг нарийн зохион байгуулахаар тусгажээ.

Дашрамд дурдахад, уг үзлэг нь сайн дурын үндсэн дээр хийгдэх бөгөөд эцэг эх, асран хамгаалагч болон суралцагчийн зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамруулахгүй байх эрхтэйг санууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.