“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Үйл явдал
/
2024-04-10

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарын 30 гаруй Улсын Их Хурлын гишүүн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.04.10) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах, тайланг Улсын Их Хурлын 2024 хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлж байна гэж Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулав.

 

Тэрбээр, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил сүүлийн жилүүдэд эрчимжиж, улс орны эдийн засагт оруулах үүрэг нэмэгдэж байгаа боловч байгалийн баялгаа зохистой ашиглан амжилттай хөгжиж буй орнуудтай харьцуулахад хангалтгүй байна.

Одоогийн байдлаар 1729 хуулийн этгээдэд ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар 2756 тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд 40 гаруй аж ахуйн нэгж 5-23 хүртэлх тооны нийт 353 ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн эзэмшиж байгаа нь нийт олгосон тусгай зөвшөөрлийн 13 орчим хувийг эзэлж байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 6.9 сая га талбай бүхий газар, түүний хэвлийг олгосон нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 орчим хувийг эзэлж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нэрлэсэн хэмжээ 2022 онд 1,756.1 тэрбум төгрөг буюу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнд эзлэх хэмжээ 10.3 хувь байсан бол 2023 онд 3,566.8 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнд эзлэх хэмжээ 15.4 хувьд хүрч, 4.1 нэгж хувиар өссөн боловч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуримтлагдсан өр 2023 оны жилийн эцсийн байдлаар 3,259.7 тэрбум орчим төгрөг буюу Монгол Улсын 2024 оны төсвийн зарлагын 12 орчим хувьтай тэнцэж байна.

Ашигт малтмалыг зохистой, ард түмний нийтлэг ашиг сонирхол, эх орны хөгжлийн төлөө ашиглах ёстой боловч ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа, тэдгээрт ногдуулсан төлбөр, татвар зэрэг нь зохих хууль тогтоомжид заасны дагуу явагдсан эсэхэд иргэд, олон нийтийн зүгээс эргэлзэж байгаа бөгөөд Монгол Улсад хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдаж байна.

 

Иймд Улсын Их Хурлаас хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах арга хэмжээ авах, тус үйл ажиллагааг явуулах Хянан шалгах түр хороог байгуулж ажиллуулах шаардлага бий болсон гэв.

Түүнчлэн, Улсын Их Хурлын даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар захирамжаар ““Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвт нийтийн өргөдлийг 100,167 иргэн дэмжсэн, түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудал нээлттэй, ил тод бус, хүртээмжгүй байгаатай холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт хийж, санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан.

 

Энэхүү ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ““Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт боловсруулах, тайланг танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах” санал, дүгнэлт гаргасан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.215.16.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.