ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС болж гадаад руу гаргадаг МАХНЫ ЭКСПОРТ ТАСАЛДАХ эрсдэлтэй байна
Үйл явдал
/
2024-10-25

Мал эмнэлгийн ерөнхий газраас ямааны годрон өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй ажил болон, вакцинжуулалтын талаар өнөөдөр /2024.10.25/ мэдээлэл хийлээ.


МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар:

Ямааны годрон өвчин нь гоц халдварт өвчний тоонд ордог. Тус халдварт өвчин нь долдугаар сарын эхээр Монголд бүртгэгдсэн. Уг өвчний тархалттай холбоотой 300 орчим малчин өрхөд судалгаа хийсэн. Ингэснээр А дансаар 74 орчим өрхийн 11 мянган ямааг устгалд оруулсан. Зориудаар устгасан малын нөхөн олговрыг тухайн орон нутгийн ханшаар бодож улсын төсвөөс олгоно гэж мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан.  Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус өвчний тандалт судалгааг хийж байсан. Энэхүү өвчин нь Монгол Улсад хамгийн сүүлд 1952 онд бүртгэгдсэн. Үүнээс хойш устсан гэж үзэж байсан. Учир нь ямааны годрон өвчнийг илрүүлэх тандалт судалгааг сүүлийн 3-4 жилийн хугацаанд хийхэд тус өвчнийг үүсгэгч илрээгүй. Тиймээс  энэ жил  албан ёсоор ямааны годрон үүсгэгч Монгол Улсад байхгүй гэж зарлах гэж байсан гэтэл ийнхүү тус өвчин гарлаа. Монгол Улс арав гаруй жилийн өмнөөс биокомбинатад үйлдвэрлэж байсан тус өвчний эсрэг нөөцийн вакциныг үйлдвэрлэхээ зогсоосон байсан. Монгол Улс малын гоц халдварт өвчний эсрэг вакциныг гаднаас худалдаж авдаг. Тухайлбал, үхрийн арьс товруутах, бог малын мялзан, шүлхий өвчний вакциныг худалдаж авдаг. Ямааны годрон өвчин амьд ямаанаас нөгөөд халдварладаг. Нууц хугацаа урт, ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй өвчин. Ямааны годрон өвчин зээрийн овгийн амьтнаас тархсан байж болзошгүй. Дорноговь аймгийн Хатанбулаг сумд том голомт үүссэн. Бэлчээр, ус нэг өрхийг голомт нэг үздэг. Голомтын бүсэд байгаа бүх малыг шинжлэх боломжгүй.

Монгол Улс арав гаруй улс руу махны экспорт хийж байна. Малын гоц халдварт өвчинд болгоомжтой хандахгүй бол махны экспорт зогсох эрсдэл үүсэх юм. Тиймээс баримт нотолгоотой мэдээллэхийг олон нийтээс уриалж байна гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.