Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүд 461-Р ХОРИХ АНГИД ажиллаа
Үйл явдал
/
2024-10-31

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа нар өнөөдөр (2024.10.30) Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллав.

Хүний эрхийн дэд хороо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа 2024-2025 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталсан бөгөөд 19 зорилт бүхий тус төлөвлөөний дагуу ийнхүү гишүүд, холбогдох албан тушаалтнуудын хамтаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллаж байгаа юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор, тус газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Ганбат болон тус ангийн бие бүрэлдэхүүн Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүд, албаны хүмүүсийг хүлээн авав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд эхлээд гишүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ерөнхий мэдээллийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар мэдээлэл өгсөн. Өнөөдрийн байдлаар 14 аймаг баривчлах байргүй бөгөөд холбогдох зардлыг төсөвт тусгах санал өгсөн ч хасагдсан гэв. Тус байгууллагын чиг үүрэгт яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ нэмэгдсэн. Энэ нь зорчих эрхийг хязгаарлах ялаас ялгаатай гэдгийг тэрбээр танилцуулгынхаа явцад онцлоод таслан сэргийлэх тус арга хэмжээг авахдаа хяналтын төхөөрөмж ашиглах шаардлагатай бөгөөд холбогдох төсөв, хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай байгааг дуулгасан. Мөн тус байгууллагын орон тоо нэмэх, алба хаагчдын цалин хөлс, нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагын талаар танилцууллаа.

Дараа нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Ганбат ангийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар танилцуулга хийв. Тэрбээр ангийн бүтэц, орон тооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулж, хоригдогсдын эрхийг хангах чиглэлээрх үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тус хаалттай хорих анги нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан; сэжигтнээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан; шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй шүүгдэгчийг хүлээн авах; шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон хоригдогсдыг хуваарилагдсан хорих ангид нь хүргэх зэрэг дөрвөн чиг үүргийг хэрэгжүүлдэг хэдий ч хүний нөөцийн дутагдалтай байгаа гэв. Тус ангид бүх насны хоригдогсод, жирэмсэн, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд ч ирдгийг онцолж байв.

Нийт хоригдогсдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлдэг арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хурандаа С.Ганбат танилцуулаад, үргэлжлүүлэн эрхийг нь хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ танилцууллаа. Тухайлбал, шинэ хоригдогсдод хүний эрхийн талаар мэдээлэл өгч, хэвлэмэл материал тараадаг байна. Мөн хууль, эрх зүйн сургалт мэдээллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд хууль эрх зүй, түүх, уран зохиолын мэдлэг олгох, өсвөр насны хоригдогсдын сурах эрхийг хангах олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм байна. Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Түүнчлэн эмэгтэйчүүдэд 0-3 насны хүүхэдтэйгээ уулзах, нялх, нярай хүүхдээ хөхүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн хүүхдийн өрөөтэй болжээ.

Эргэлт, уулзалтын товыг цахимаар шийдвэрлэдэг болсон нь иргэдийн цагийг хэмнэсэн дэвшилтэт шийдэл болсон байна. Сэжигтнээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан хоригдогсдын талаар мөрдөгч болон харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд мэдээлэл хүргэдэг тусгай дугаартай болжээ. Тус ангид ТҮЦ машин байрлуулсан, хоригдогсод И-Монголиа цахим системд хандах боломжийг бүрдүүлснээр төрийн үйлчилгээг цахимаар авдаг болсныг мөн танилцууллаа.

С.Ганбат хурандаа ангийн нэгдсэн эмнэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Эмч нарын орон тоо сул байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагааны онцлогоос үүдэн нөхөх амаргүй байдгийг дурдсан. Хоригдогсдод үзүүлдэг эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлээд, тус ангийн эмнэлэг болон хамтын ажиллагааны хүрээнд бусад эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан хоригдогсдын 69.3 хувь нь эрүүл мэндийн даатгал төлөөгүй, үүнээс үүдэн өр хуримтлагдаад байгаа юм байна. Түүнчлэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодист хордсон хоригдогсдод хордлого тайлах эмчилгээ, үйлчилгээг зайлшгүй үзүүлэх болдог ч холбогдох зардал, төсөв огт байдаггүй хэмээгээд энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ гишүүдэд хэлж байв. Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги нь үйл ажиллагааны онцлогоос үүдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх бусад ангиасаа онцлогтой, ачааллын хувьд 5-10 дахин их байдаг нөхцөлийг харгалзан алба хаагчдын нийгмийн асуудалд зохих хэлбэрээр анхаарах хүсэлтийг хурандаа С.Ганбат танилцуулсан.

Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны гишүүдийн хүсэлтийг шуурхай хүлээн авсанд С.Эрдэнэболд гишүүн талархал илэрхийлээд Улсын Их Хурал 2024-2028 онд хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх стратегийг баримтлан ажиллахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл өгч, Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй талаар, төсөлд  шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийг хэрхэн тусгасан талаар мэдээлэл өгсөн.

Ийнхүү холбогдох танилцуулга, мэдээлэл хийсний дараа Улсын Их Хурлын гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн удирдлагуудаас асуулт асууж, зарим асуудлаар санал солилцов.

Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Т.Мөнхбаяр, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Билэгсайхан болон холбогдох албан тушаалтнууд ажилласан юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, алба хаагчид долоо хоногт нэг өдөр, прокурорын байгууллагын алба хаагчид долоо хоногт хоёр өдөр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажилладаг байна. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс болон Улсын ерөнхий прокурорын газраас авч хэрэгжүүлдэг арга хэмжээ, нөхцөл байдал, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, монгол төр иргэнийхээ эрхийг хангах чиглэлээр алхам алхамаар ахиц дэвшил гаргаж байгааг тэмдэглээд “Хорих ангиудад ял эдэлж, хоригдож байгаа иргэний эрхийг хангахын зэрэгцээ энд ажиллаж буй алба хаагчдын эрхийг хамгаалах, хангах асуудлыг орхигдуулж болохгүй. Орон тоо дутуу байгаа нь хоригдогсдын эрх зөрчигдөх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна энд ажиллаж байгаа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зөрчил үүсгэж байгаа. Энэ мэтчилэн төсөв, санхүүгийн асуудал нь хүний эрхийг хангахтай шууд хамааралтай. Тиймээс та бүгдийн танилцуулж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ. Төрийн байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхэд нь шийдвэр гаргагчид төсөв, санхүүжилтийг шаардлагатай хэмжээгээр нь хуваарилж байх ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлж, Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд болон Хүний эрхийн дэд хороо энэ чиглэлд дэмжин ажиллана гэлээ. Х.Баасанжаргал гишүүн, хоригдогсдын суралцах эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, хоригдогсдын хөдөлмөрлөх эрхийн асуудал, үүнд прокурорын байгууллагаас хэрхэн хяналт тавьдаг талаар, хорих байранд ээжийнхээ хамт байгаа бага насны хүүхдүүдийн эрхийг хамгаалах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан юм.

У.Отгонбаяр гишүүн, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаагаа дуулгаад, хоригдогсдын эрүүл мэндийн даатгалын талаарх эрх зүйн зохицуулалт, үүнээс үүдэн үүсч байгаа асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийн талаар тодруулж, санал солилцсон. Х.Тэмүүжин гишүүн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль эрх зүйн орчныг сайжруулах, мөн шаардлагатай бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтуудыг төсөвт тусгах талаар санал хэлж, эцсийн дүндээ энэ нь Монгол Улсын иргэний эрхийг хангахад төрөөс хүлээх үүргийн нэг гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн хорих байгууллага бодлогын түвшинд, нэн тэргүүн салбарынхаа хэмжээнд зохион байгуулалт хийж дотооддоо явуулж буй үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнүүдийг албан хэрэгцээндээ заавал худалдан авах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, санхүүждэг гадны туршлагын талаар хуваалцсан юм.

Хорих байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсөв нь хоригдогсод болон алба хаагч нарын эрхийг хангах, хамгаалахтай шууд хамааралтай гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар энэ үеэр тэмдэглэж байсан юм.

Ийнхүү талууд танилцуулга, мэдээллийн хүрээнд ярилцаж, санал солилцсоны дараа Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүд, албан тушаалтнууд Цагдан хорих төвийн шалган нэвтрүүлэх байр, нэг цэгийн үйлчилгээ, нэгдсэн эмнэлэг гэх зэрэг тус хаалттай хорих ангийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа нар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллах үеэрээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс авсан зөвшөөрлийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нарын хамтаар шүүгдэгч Н.Өнөрцэцэгтэй уулзсан юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.