Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
Үйл явдал
/
2024-11-01

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.11.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин хэлэлцлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан уншиж, танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзэн Төсвийн байнгын хороонд буцаасан. Байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан “Дархан-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын өргөтгөл 4 эгнээ, 113.1 км, гүүрэн байгууламж, 885.6 у/м /Төвийн бүс/” гэсэн төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг бууруулж, уг эх үүсвэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцад хамаарах шүүхийн байрууд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тоног төхөөрөмжтэй холбоотой болон Улсын Ерөнхий прокурорын зарим зардлыг нэмэгдүүлэх саналтай холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцлов.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн тодорхой асуудлын хүрээнд дахин явуулсан хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн санал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний  хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасны дагуу Төсвийн байнгын хороо тодорхой асуудлын хүрээнд төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явуулсан. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр 91,475.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2025 онд 33,769.1 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 6 төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд шинээр нэмэх, хөрөнгө оруулалтын 1 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг 5,000.0 сая төгрөгөөр, Улсын Ерөнхий Прокурорын урсгал зардлыг 1,182.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд олонхын дэмжлэг авсан.

Мөн төсвийн төсөлд тусгагдсан хөрөнгө оруулалтын 1 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг 39,951.5 сая төгрөгөөр бууруулах санал дэмжигдсэн болно. Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан санал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын болон алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7.2, 71.7.3-д заасан шаардлагыг хангасан байна гэв.

Ингээд Төсвийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулиудын төслийг  гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилэв.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа. Тэрбээр, Төсвийн байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 207 дугаар захирамжаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй гэлээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Түвшин, Ж.Баярмаа, Ц.Сандаг-Очир, Д.Батбаяр, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, төслийг хэлэлцэх үе шатанд сэтгэл хангалуун бус буйгаа илэрхийлээд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг тусгайлан хэлэлцэх асуудлыг төсөв боловсруулах цаглабарт оруулах санал гаргасан. Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Б.Мөнхсоёл гишүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, төсөв батлагдсаны дараа Төсвийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар гээд бүх талын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулахаар холбогдох албан тушаалтнуудтай ярилцсан. Ирэх жилээс 2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл, ирэх оны төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг хуулийн төслүүдийн өргөн барих цаг хугацааны дарааллыг зөв болгох шаардлагатай байна гэв.

 

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.