Нийслэлийн хэмжээнд 1128 зам талбайн үйлчлэгч 185 тусгай зориулалтын техникээр авто замыг цэвэрлэж байна
Үйл явдал
/
2024-11-26

Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг 40 орчим байгууллагын 1128 гаруй зам талбайн үйлчлэгч, 185 тусгай зориулалтын техник хэрэгслээр цэвэрлэж байна. Зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 635.5 тонн давс, 10 тонн дайрга, 57 тонн бодис цацлаа. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг орчныхоо 50 метр газрын цасыг дагтаршиж, халтиргаа үүсэхээс өмнө цэвэрлэхийг уриалж байгаа бөгөөд нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажил өрнөж байна.

Арваннэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө цас орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллага бэлэн байдалд ажиллаж, 03:00 цагаас эхлэн нийтийн эзэмшлийн авто замуудад давс, бодис цацаж эхэлсэн. Зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллагын 139 үйлчлэгч, тусгай төхөөрөмжийн давс бодис цацагч 15 машин, 2 автогрейдр, явган замын цас үлээгч 22 төхөөрөмж зэрэг нийт 39 машин техник, хэрэгслээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна. Мөн 82 тонн давс, 10 тонн бодис цацаад байгаа бөгөөд 887 тонн давс, 342,5 тонн бодисын нөөцтэй байгаа юм.

Арваннэгдүгээр сарын 26​​​​​-ны 11:00 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд зам, талбай хариуцсан хоёр байгууллагын зам талбайн 135 үйлчлэгч, тусгай зориулалтын 17 техник хэрэгслээр нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэн ажиллаж байна. Мөн 179 тонн давс цацаад байгаа бөгөөд замын хөдөлгөөний ачаалал буурсан үед цэвэрлэгээнээс гарсан хар цасыг ачиж тээвэрлэх юм.

Хан-Уул дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын ажилтан, албан хаагчид арваннэгдүгээр сарын 25-ны 22:00 цагаас эхлэн халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давсны машинаа байрлуулан, техникийн бэлэн байдлыг ханган жижүүрлэн хоносон. Шөнийн 01:30 цагаас эхлэн давс, бодис цацан ажиллав. Мөн Морингийн даваа, Айцын давааны замын хөдөлгөөн хэвийн, халтиргаа үүсээгүй бөгөөд явган замын цэвэрлэгээ, давс, бодис цацах ажлууд үргэлжилж байна.

Арваннэгдүгээр сарын 26-ны 08:30 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн 12 байгууллагын нийт 204 зам талбайн үйлчлэгч 25 давсны машин, 57 үлээгч төхөөрөмж, 4 явган замын моторт төхөөрөмж, 8 түрэгч хусагч зэрэг техниктэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна. Дүүргийн хэмжээнд нийт 127.5 тонн давс, 3 тонн бодис цацаж, 1645.5 тонн давс, 757 тонн бодисын үлдэгдэлтэй байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.