Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 19 мин

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 97 аж ахуйн нэгж байгууллагад 11 чиглэлээр хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнөөдрөөс хийж эхэллээ. Төлөвлөгөөт шалгалтыг тавдугаар сарын 5-ны өдрөөс долоодугаар сарын 5-ны хооронд зохион байгуулна.

Энэ хүрээнд барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын талбайн зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний угсралтыг онцгойлон шалгах бөгөөд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, гүйцэтгэлд хяналт хийх юм.

Хяналт шалгалтын талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал “Сүүлийн жилүүдэд нийслэл хотод барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж буй. Тэр хэрээр эрсдэлүүд гарч байна. Тухайлбал, барилга байгууламж ашиглалтад орсны дараа зөрчил ихээр илэрч байгааг дурдах нь зүйтэй. Иймд угсралтын явцад хяналт шалгалтыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн 97 аж ахуйн нэгж, байгууллагад Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тав хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, хяналт шалгалтыг хийж байна” гэлээ.

Ташрамд, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд хамгийн их барилга байгууламж барьж байгаа бөгөөд дийлэнх нь орон сууцны зориулалтаар баригдаж байгаа аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.236.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.