БОУАӨЯ: БОУАӨЯ, ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ УЯЛДАА ХОЛБОО, ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛНА
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 30 мин

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албаны хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор тус байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын уулзалтыг зохион байгууллаа. Тухайн байгууллагууд нь холбогдох хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй.

Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасан, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Хяналт, үнэлгээ, аудитын газрын дарга Б.Буяннэмэх, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Дэлгэрбат, Салбарын хяналтын газрын холбогдох албан хаагчид болон Экологийн Цагдаагийн албаны дэд дарга, Цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа З.Хүрэлбагана, Эрүүгийн Цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Б.Мөнхбаяр, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Б.Буяннэмэх нар оролцож, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож, цаашид хамтарч ажиллах асуудлуудыг хэлэлцлээ.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан “Стандарттай байгаль орчны соёл, хандлагыг төлөвшүүлэхэд хоёр байгууллагын хамтын ажиллагаа маш чухал. Экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа уялдуулах, төсөл хөтөлбөрүүдийг хүрээнд хийгдэх санаачлагуудаа нэгтгэх, мэдээллээ солилцох чиглэлд хамтран ажиллах шаардлагатай. Байгаль орчны салбарт тулгамдсан асуудлыг улирал улирлаар нь төлөвлөгөө гаргаж, шийдвэрлээд явцах нь зүйтэй.

Байгаль орчноо хамгаалах үйл хэрэгт олон нийтийн оролцоонд түшиглэсэн хамтын хяналт, байгаль хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа сайжруулах нь шаардлагатай” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд хоёр байгууллага байгалийн нөөц баялгийн хууль бус ашиглалт, нөхөн сэргээлт, химийн хорт болон аюултай бодис, хүрээлэн буй орчны бохирдол доройтлын асуудлуудаар хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж хамтран ажиллахаар шийдвэрлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.167.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.