Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, "Ховор амьтан ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг" ТББ-аас мазаалайд дохиолол бүхий хүзүүвч зүүжээ.
Тодруулбал 2025 оны 05 сарын 15-ны өдөр ГИДЦГ-ын А хэсгийн УТХГН-ын хамгаалалтын бүсэд орших Баруунтооройн баянбүрдэд 10 настай, 100 кг орчим жинтэй, нэг бодгаль эр мазаалай баавгай (шармаахай)-д сансрын дохиолол бүхий хүзүүвчийг зүүлээ. Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээллийг дамжуулан тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөнийг тандан судлахаас гадна бичлэг хийх боломжтой гэдгээрээ давуу талтай. Баруунтооройн баянбүрд нь Монгол улсын хилээс ердөө 40 орчим км зайд орших томоохон баянбүрдүүдийн нэг юм.
-Сүүлийн 50 жилд мазаалай баавгайн тоо толгой нь 20-50 орчим бодгальд хэлбэлзэж, тархац нутаг нь 2-3 дахин хумигдаж багассан. Мазаалай баавгайг тархац нутгаа тэлэх, өөр газар нутагт шилжилт хөдөлгөөн хийж буйг сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж судалж байна. 2024 онд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн хоёр мазаалай Тост тосон бумбын нуруу, Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрын хооронд шилжин нүүдэллэдэг нь судалгаагаар тогтоогдсон.
Тиймээс цаашид уг судалгааг өргөжүүлж, мазаалай баавгайн тархац нутгийн зураглалыг нарийвчлан гаргах, үндсэн тархац нутгаас бусад нутагт шилжин нүүдэллэх зам буюу холбоос нутгийг хамгаалах нь чухал болоод байна.






Холбоотой мэдээ
-
6 цаг 32 мин
-
6 цаг 47 мин
-
8 цаг 22 мин
-
8 цаг 29 мин
-
17 цаг 31 мин
-
Уржигдар 16 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин