
НЗДТГ болон Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэгт хамтарч ажиллах юм.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монголын барилгын үндэсний ассоциацитай дөрвөн чиглэлээр хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа.
- Нэгдүгээрт, олон улсын жишиг инженерийн холбоодын гэрээ болон хууль, эрх зүйг эх орондоо нутагшуулахад хамтран ажиллана.
- Хоёрдугаарт, Монгол Улсын дэд бүтцийн салбарын хууль, эрх зүйн орчныг хамтарч өөрчлөх, ингэснээр монгол компаниуд мега төслүүдэд оролцох боломжтой болох юм. Мөн санхүүгийн эрх зүйн орчныг зохицуулснаар дотоодын үйлдвэрлэгчдийн худалдан авах чадвар болон төсөл гүйцэтгэх боломжийг нээнэ.
- Гуравдугаарт, Улаанбаатар хотын 24 мега төслүүд болон бусад бүтээн байгуулалт дээр монгол барилгачдыг дэмжих талаар санамж бичиг байгуулж, цаашид хамтран ажиллах боломжтой болно.
- Дөрөвдүгээрт, Монгол Улсын хэмжээнд залуучууд инженерийн мэргэжлээр сурах нь ховордсон байна. Тиймээс хамтдаа инженерийн мэргэжлийг орон даяар сурталчлах, зөв таниулах, залуучуудыгаа уриалах зэргээр сошиал компанит ажилд ассоциацитайгаа хамтарч ажиллана. Ингэснээрээ, Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад инженерийн мэргэжлээр сурч байгаа залуучууд мэргэжлээрээ бахархах, улсдаа бүтээн байгуулалтууд хийх суурийг бүрдүүлнэ.
Худалдан авах тухай хуулийг өөрчлөх тухай санал оруулж, УИХ-д өргөн барьсан. Мөн дэд бүтцийн хуулиуд дээр шинэчилсэн найруулга, өөрчлөлт оруулах талаар бэлтгэл ажил явж байна. Ялангуяа дэд бүтцийн буюу төмөр замын, авто замын, барилгын, эрчим хүчний тухай асуудалд холбоотой хуулиуд дээр дэлхийн стандартын дагуу шинэчилсэн найруулгын өөрчлөлтүүдийг хийгээд явж байна. Яагаад гэвэл томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин манай улсад байдаггүй. Иймд, цаг үетэйгээ нийлүүлж бүтээн байгуулалтын шинэ аргачлал хэрэглэж ажиллах тал дээр хамтдаа өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна” гэв.
"Монголын барилгын үндэсний ассосиаци" ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан “Сүүлийн жилүүдэд зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаад Монгол Улсад орон сууцны барилгын ажил хурдацтай явж байна. Статистикаас үзэхэд сүүлийн нэг жилд 20 мянга гаруй орон сууц ашиглалтад орсон байна. Цаашид энэхүү том бүтээн байгуулалтын цар хүрээ улам тэлнэ.
Тиймээс дотооддоо эдийн засгийн болон нийгмийн үр нөлөөг авч үлдэхийн тулд дотоодынхоо компаниудыг оролцуулах нь чухал юм. Ялангуяа манай орны барилгын салбарыг хувийн хэвшлийн компаниуд бүрдүүлдэг учраас оролцогч нарын санал, санаачилга, шийдэл хэрэгтэй. Монголын барилгын үндэсний ассоциацийн хувьд олон жил энэ асуудал дээр ажиллаж ирсэн тул илүү сайжруулъя гэдэг үүднээс энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа” гэлээ.






Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 41 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 36 мин
-
Уржигдар 19 цаг 32 мин
-
2025-05-14