Шадар сайд С.АМАРСАЙХАН стандартчиллын тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 52 мин

Стандарчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.

Хууль санаачлагчийн зүгээс  "улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, хүний эрхийг стандартгүйгээр ярих, хангах, хэрэгжүүлэх боломжгүй юм. Гэтэл бидний одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих талуудын харилцаа, хариуцлагын механизм дутмаг, ойлголтын зөрүү их байна" гэдгийг онцлов.

Монгол Улсын хэмжээнд 6730 стандарт мөрдөгдөж байгаа ч дөнгөж 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрсэн, үлдсэн нь шаардлага хангахгүй байна. Стандартын хоцрогдол их байгаа нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихийн зэрэгцээ төрийн хүнд суртал бий болгож, иргэдийн төрд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байна.

Нөгөө талаараа Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн зорилго 2030, “Алсын хараа-2050" Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтууддаа хүрэхийн тулд их бүтээн байгуулалтыг өрнүүлж, мега төслүүдийг эрчимтэй эхлүүлж буй энэ цаг үед нэн тэргүүнд стандартын орчныг ойлгомжтой, тодорхой болгож, цаашид стандартыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай.

Иймд бид Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн, батлах нь ихээхэн ач холбогдолтой, олон талын бэрхшээлийг шийдвэрлэж чадах үр дүнтэй алхам байх болно.

Монгол улсын хөгжлийн суурь болсон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 оноос хойш боловсруулж холбогдох яамдаас албан ёсоор хоёр удаа санал авч, Үндэсний хэмжээнд гурван удаа, салбарын хэмжээнд 60 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 17,000 мянга гаруй оролцогчийг хамруулж, санал авч тусгасан.

Хуулийн төсөл 8 бүлэг, 36 зүйлтэй ба иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартчиллын баримт бичгийг сонгон хэрэглэх зохицуулалтыг өөрчилж, стандартыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөхөөр заасан. Стандартаар дамжуулан салбарын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгоход хуулийн төслийн гол үзэл баримтлал чиглэж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана. Мөн стандартыг хэрэглэх, хэрэгжүүлэх тогтолцоо боловсронгуй болж олон улсын нийтлэг жишигт нийцсэнээр дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг олон улсад хүлээн зөвшөөрөх, гадаад худалдаа, экспортыг хөнгөвчлөх нөхцөл сайжирах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.