
Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Тухайлбал, энэ сарын 27-ны өдрөөс Д.Сүхбаатарын талбайн хоёр талын нийт 5012 ам метр талбай бүхий явган замыг шинэчилж байна. Уг байршилд УБЗАА, НЗХГ, НХОГ-ын холбогдох албаныхан ажиллалаа.
Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замууд шинэчилж байгаа юм. Ингэхдээ зарим гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь өөрсдийн үйлдвэрлэсэн хавтгангаа ашиглаж байна. Чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүйг албаныхан хэлж байна.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Байгалийн чулуугаар явган хүний замыг шинэчлэх ажлын зураг төслийг 2024 онд гаргаж, Хот төлөвлөлт, судалгааны институсаас зургийг баталсан. Худалдан авах ажиллагаа буюу гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 2024 оны 6 дугаар сараас зарласан. Гэвч ААНБ-ууд оролцоогүй тул энэ онд багтаан шинэчлэхээр тендерийг дахин зарласан. Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, засварын ажлыг эхлүүлээд байна. Үлдсэн зургаан байршил дээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Одоо хийж байгаа явган хүний замын ажлуудыг ирэх 11 дүгээр сард дуусгаж, ашиглалтад оруулна” гэлээ.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 87 байршилд авто зам шинэчилсэн бөгөөд эдгээр байршлын зургаан гол гудамжны явган хүний замыг шинэчилж байна. Туслах гудамж замуудын явган хүний замын нөхөн сэргээлтийг асфальт бетоноор хучиж байгаа. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмдэглэгээг хийж, дугуй, скүүтертэй болон тэргэнцэртэй иргэд зорчиход хүндрэлгүй байхаар хийж байна. Харин хотын гол гудамж буюу төвийн хэсгийн явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж байгаа. Зарим байршилд замын доорх инженерийн шугам сүлжээний өргөтгөл хийдэг учраас иргэдийг хүлээцтэй хандахыг уриалж байна гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хэлж байв.






-
2 цаг 21 мин
-
3 цаг 38 мин
-
Уржигдар 17 цаг 46 мин
-
3 цаг 38 мин