Өмнөговь аймагт "МОНГОЛЫН ГОВИЙН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ ФОРУМ" болж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
Өчигдөр 14 цаг 43 мин

“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН "МОНГОЛЫН ГОВИЙН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ ФОРУМ"-ИЙГ ӨНӨӨДӨР/2025.05.29/ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Энэхүү форумыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын ан агнуурын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

"МОНГОЛЫН ГОВИЙН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ ФОРУМ"-д Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ЗДТГ, байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Тусгай хамгаалалттай газар нутгийн дарга, мэргэжилтнүүд, аж ахуйн нэг байгууллага, ТББ-ын төлөөллүүд оролцож байна.

Форумын үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан нээж " Монгол Улс 1993 онд НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцод нэгдэн орж, биологийн олон янз байдлыг хамгаалах бодлогоо тодорхойлж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, НҮБ болон дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн.

Өнөөдрийн энэхүү форумыг анх удаа говийн бүсэд зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2001 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдрийг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ нь зөвхөн нэг өдрийн үйл ажиллагаа бус, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийн суурь болох биологийн олон янз байдлыг ойлгож, үнэлж, хамгаалах дэлхийн хэмжээний уриалга юм.

Дэлхий нийтээрээ Засгийн газрууд биологийн олон янз байдлын санхүүжилтийг нэмэгдүүлэх, байгальд сөрөг нөлөө учруулах үйл ажиллагаанд олгож буй татаасыг зогсоох, иргэдийг чадавхжуулах, тэгш байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байна. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс гадна бэлчээрийн доройтол, амьтны амьтны амьдрах орчны тасархайтал, хууль бус ан агнуур, байгальд ээлгүй дэд бүтэц, үйлдвэрлэлийн асуудал, иргэдийн мэдлэг хандлага зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна.

Энэхүү форумаас говийн бүсийн биологийн олон янз байдлыг хамгаалах, байгальтай зохицсон тогтвортой хөгжлийг тодорхойлох, мэдлэгээ хуваалцах, шинэ түншлэлийг бий болгосон үр дүн гараасай гэж хүсэж байна.

Ингээд өнөөдрийн форумын арга хэмжээнд амжилт хүсье.

Бүгд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.