УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН гишүүдийн хамт ОГЦРОХ АМАРХАН жагсаалын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
18 цаг 19 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо.

Жагсагчид "Бидний хувьд 3 шаардлагыг тавьж байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайд хариуцлага хүлээж ажлаа өгөх, хоёрдугаарт, эвслийн Засгийн газрыг дэмжихгүй бөгөөд парламент сөрөг хүчинтэй байх, гуравдугаарт, Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл парламент хяналтын чиг үүргээ сайжруулж, хүчний тэнцвэрээ хадгалах, сөрөг хүчинтэйгээр ажиллах ёстой" гэлээ.

УИХ-ын даргын зүгээс жагсагчдын УИХ-ын хяналтын тогтолцоог сайжруулах гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хуулийн цаг эхэлснийг онцлов. Уг тогтоолын төслийг Байнгын хороо гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэх бөгөөд арав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэхээр заасан. Тиймээс ирэх долоо хоногийн Даваа гарагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, үргэлжлүүлэн Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэлээ.

Мөн УИХ-ын гишүүдийн зүгээс жагсагчдын тавьж буй шаардлага, асуултуудыг УИХ-ын 126 гишүүн бүгд чуулганы нэгдсэн хуралдаанаар асууж, хариулт авна гэдгийг тодотголоо. Жагсагчдын хувьд бидний сонгосон парламентын төлөөлөл хүлээн авч уулзаж, хуулийн процессын талаар мэдээлэл өгч буй нь парламентад итгэх итгэл үнэмшил нэмэгдэж байна гэв

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.