
Хоёр орны төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагийн тод илрэл гэдгийг төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэлээ.
Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Туркменистан Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Сердар Бердымухамедов та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 10 дугаар сард Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа, Төв Азийн цагаан дагина болсон танай сайхан оронд эрхэм Ерөнхийлөгч таны урилгаар төрийн анхны айлчлал хийснээ эргэн дурсахад таатай байна.
Энэ айлчлал нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн анхны айлчлал бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны төрийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийн биелэлт, үр дүнг дүгнэн хэлэлцэж, харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.
Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Агаарын болон олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай яам хоорондын хэлэлцээр” болон тээвэр, логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болсон бусад баримт бичигт гарын үсэг зурсан.
Тэгвэл Эрхэм Ерөнхийлөгч таны төрийн айлчлалаар харилцааг худалдаа, эдийн засаг, гааль, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, соёл, боловсрол, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулан Засгийн газар болон байгууллага хоорондын 14 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тухайлбал, “Хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээр”, “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт 2026-2028 онд хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын дунд хугацааны хөтөлбөр”-ийг тус тус байгуулсныг онцлон тэмдэглэе.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Монгол, Туркменистаны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, гүн талархал илэрхийлье.
Та бид 2024 онд Ашхабад хотноо манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон нь богино хугацаанд биеллээ олж, эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагааны механизм бий болгохоор тохирсны дагуу “Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комисс” байгуулсан.
Түүнчлэн “Автотээврийн хамтарсан хороо”, “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо”-г тус тус байгуулсан нь эдгээр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна.
Тэгвэл энэхүү төрийн айлчлалын хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурсан нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үндэс суурь боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын ноос, ноолуурыг Туркменистаны хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, манай хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
Энэ нь манай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны бизнес форум” болон туркменистаны хивс, гар урлалын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэх, улс орноо харилцан сурталчлан таниулах, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
“Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж, Туркменистаны авьяаслаг уран бүтээлчид өөрийн орны соёл, урлагаар монгол анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэлд хоногших сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч та бид боловсролын салбарын хамтын ажиллагааг Монгол, Туркменистаны харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэхээр тохирсны дагуу боловсрол, шинжлэх ухааны салбарын цаашдын нягт хамтын ажиллагааны үндэс суурь болох баримт бичгүүд байгууллаа.
Оюутан залуусыг хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулснаар харилцаа, хамтын ажиллагааны гүүр болох боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдсэний дагуу Улаанбаатар, Ашхабад хот ах дүү хотын харилцаа тогтоосныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Мөн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ харилцан нотоллоо.
Энэ дашрамд хэлэхэд НҮБ-аас Туркменистан Улсын байнгын төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрсний 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэхүү түүхт ойн баярын мэндийг эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд болон танаар уламжлан Туркменийн найрсаг ард түмэнд хүргэе.
Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс нэгдэн орж, бүрэн эрхт гишүүн болсонд талархал илэрхийлье.
Энэ байгууллагын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй саад, бэрхшээлийг даван туулах, хөгжлийн бодлого боловсруулах, эдгээр улс орнуудын байр суурийг нэгтгэх, харилцан туршлага солилцох хамтын үйлсэд Туркменистан Улс идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Туркменистаны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЕРДАР БЕРДЫМУХАМЕДОВ:
Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,
Туркменистан Улс, Монгол Улсын дээд түвшний албан ёсны хэлэлцээ дөнгөж сая өндөрлөлөө.
Энэхүү хэлэлцээ нь найрсаг, ажил хэрэгч, итгэмжилсэн уур амьсгалд боллоо.
Бид хоёр талын хамтын ажиллагааны голлох чиглэлүүдийн талаар хэлэлцэж, олон улсын нөхцөл байдлын цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бид хэлэлцээний хүрээнд бүхий л асуудлаар харилцан ойлголцолд хүрснийг тэмдэглэж байна. Бид хоёр талын хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэж, эрх тэгш, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан Туркмен-Монголын яриа хэлэлцээг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.
Манай хоёр улс бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд цаашид нягт хамтран ажиллах болно. Туркменистан Улс, Монгол Улс нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжиж, байгаль орчин, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, зам тээврийн салбарт хамтран ажиллах болно.
Монгол Улс нь олон улсын аюулгүй байдлыг хангах хүрээнд улс хоорондын хамтын ажиллагаа, харилцан итгэмжилсэн яриа хэлэлцээ, олон улсын санаачилгын хүрээнд Туркменистан Улсын байнга төвийг сахих бодлогыг дэмжиж буйд миний бие Эрхэм хүндэт Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.
Дэлхийн тавцан дахь Монгол Улсын бүтээлч үүрэг оролцоог Туркменистан Улс өндрөөр үнэлдэг. Бидний хамтын ажиллагаа олон улсын нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын дүрмийг бэхжүүлэхэд бодит, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн терроризм, хэт даврах үзэл, үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины хууль бус наймаа болон хууль бус бусад үйл ажиллагаа зэрэг дэлхий дахины өмнө тулгарч буй сорилт, олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй аюул заналхийлэлтэй тэмцэхэд цаашид хүч чармайлтаа нэгтгэн хамтран ажиллахаар тохирлоо.
Яриа, хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өглөө. Талууд зам тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор Азиас Европ руу чиглэсэн тив дамнасан тээврийн коридорыг бий болгоход хүч чармайлтаа нэгтгэн хамтран ажиллах нөөц боломжийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд Туркменистаны “Их торгоны замыг сэргээх” санаачилгын ач холбогдлыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах нөөц боломжтойг мөн харилцан тэмдэглэлээ.
Хоёр талын худалдааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжит салбар, чиглэлд бид мөн чухал ач холбогдол өглөө. Худалдааг тэлэх, жижиг, дунд бизнесийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тогтож, энэ хүрээнд туркменистаны талаас дэвшүүлсэн санал санаачилгыг монголын тал талархан хүлээн авлаа.
Манай хоёр улсын харилцааны нэгэн чухал тулгуур болох парламент хоорондын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Соёл, хүмүүнлэг, боловсрол, шинжлэх ухаан, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.
Туркменистаны тал хэлэлцээний үр дүнд сэтгэл нэн хангалуун байна.
Хэлэлцээний дүнгээр талууд хоёр талын хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал амжилттай болж, манай хоёр улсын найрсаг харилцаа, ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлд түүхэн ач холбогдолтой боллоо.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч болон монголын талын хүндэт төлөөлөгчдөд нээлттэй, бүтээлч яриа хэлэлцээ хийж, хамтран ажилласанд гүн талархал илэрхийлье.
Туркменистан Улс, Монгол Улс нь найрамдалт, эрх тэгш, харилцан ашигтай харилцааг урт хугацаанд, итгэл төгс, тууштай хөгжүүлэх чин сэтгэлийн эрмэлзлээ харилцан нотоллоо.
Энэ ялдамд, найрсаг Монголын ард түмэнд энх тайван, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Анхаарал тавьсанд баярлалаа.






-
2 цаг 31 мин
-
Өчигдөр 17 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 11 мин
-
Өчигдөр 17 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 59 мин
-
Өчигдөр 10 цаг 58 мин
-
Өчигдөр 10 цаг 51 мин
-
Өчигдөр 08 цаг 40 мин
-
Өчигдөр 08 цаг 36 мин
-
Өчигдөр 08 цаг 28 мин
-
Өчигдөр 08 цаг 27 мин
-
Өчигдөр 00 цаг 38 мин
-
Өчигдөр 00 цаг 12 мин
-
Өчигдөр 00 цаг 10 мин
-
Өчигдөр 00 цаг 09 мин
-
Өчигдөр 10 цаг 59 мин
-
Өчигдөр 08 цаг 40 мин
-
2025-05-29
-
Өчигдөр 10 цаг 58 мин
-
Өчигдөр 10 цаг 51 мин
-
Өчигдөр 00 цаг 38 мин
-
Өчигдөр 08 цаг 36 мин
-
Өчигдөр 08 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 26 мин
-
Өчигдөр 17 цаг 09 мин
-
Өчигдөр 17 цаг 12 мин