Шинэ компаниудыг таван жил татвараас 100 хувь чөлөөлөх заалтыг хасжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
Уржигдар 21 цаг 40 мин

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.04/ хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Мөнхбат мэдээлэл хийв. Тэрбээр, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дагалдах 7 журмыг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэн тэргүүнд хуулийн хэрэгжилтийг хангах Үндэсний зөвлөлийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгээс Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Нэгдүгээрт, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээг баталсан. Харин дэвшилтэт технологийн жагсаалтыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна.

Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам болон татварын болон татварын бус дэмжлэгийг үзүүлэх журмын төслийг боловсруулсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар журмыг хэлэлцэхээр бэлтгэж байна. Хиймэл оюун, их өгөгдөл, блокчэйн, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбокс байгуулах холбогдох журмыг боловсруулаад ажиллаж байна гэх зэргээр танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Анар асуулт асуув. Тэрбээр, гарааны шинэ компаниудыг 5 жилийн дотор татвараас 100 хувь чөлөөлөх заалтыг хассан байна. Энэ заалт яагаад хасагдсан талаар асуухад Ажлын хэсгээс хариулахдаа, энэ талаар Сангийн яамнаас тодруулан асуухад энэхүү татварын дэмжлэгийг хууль болон түүнийг дагаж гарч байгаа журмаар зохицуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн Ч.Анар, гарааны компаниудад татварын энэхүү хөнгөлөлтийг үзүүлэхэд холбогдох яам хариуцлагатай ажиллах шаардлагатай хэмээв.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, боловсролын салбарт инновац, цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж болох талаар санал хэлж, асуулт асуув. Тэрбээр, боловсролын салбарт цахим орчны хэрэглээг зохицуулах шаардлагатай байна. Тухайлбал, багшийн хомсдолыг багасгахад вирутал оюун ухааныг ашиглаж, багшийг оруулах, сурах бичгийг цахимжуулах зэрэг олон боломж бий. Энэхүү хуульд боловсролын салбарт мэдээлэл, технологийн хөгжлийг дэмжих ямар зохицуулалт байгаа талаар асуув. Ажлыг хэсгээс энэхүү хууль бол мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжих зохицуулалтыг тусгасан. Харин боловсролын салбарын тулгамдсан асуудлыг шийдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хуулийн үйлчлэл  хамаарна гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Ингээд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж,  олонхийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.