
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх - Яармаг - Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС - Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ. Даншиг наадмын талаар НЗДТГ-аас болон зохион байгуулагч холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх “1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залах үеэс Даншиг наадмыг зохиож ирсэн. Иймд, Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой тус наадмыг жуулчдыг татах зорилготой зохион байгуулдаг. Энэ жилээс эхлэн нийслэлийн өдөр болон Даншиг наадмыг нэгтгэж, нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам” нэрийн дор жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулна” гэлээ.
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
- 256 бөхийн барилдаан
- Хурдан морины уралдаан
- Жороо морины уралдаан
- Үндэсний сур харвааны тэмцээн
- Үндэсний шагайн харвааны тэмцээн
- Морьт харвааны тэмцээн
- Морьтны үзүүлбэр
- Цам харайх ёслол
- Сээр цохих тэмцээн
- Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт
- Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт
- Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт
- Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн
- Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
- Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга
- Их эзэн Чингис хааны тахилга
- Балин, тосон урлалын тэмцээн
- Унзад, голч лам нарын тэмцээн
- Номын мэтгэлцээний тэмцээн
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Жил бүр зохион байгуулагддаг “Хүрээ цам - Даншиг наадам”-д зориулж Гандантэгчэнлин хийдээс хүрээ цам гаргадаг. Жахар цамыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоног хийдэд хурах бөгөөд үргэлжлүүлэн 28-ны өдрөөс Хүй долоон худагт дэлгэрэнгүй хурна. Мөн уламжлалт шашин соёлыг сурталчлах зорилгоор 21 аймаг, есөн дүүргийн лам нарын дунд ном хаялцах зэрэг тэмцээнийг хийнэ” гэлээ.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Бямбасайхан “Үндэсний бөхийн тэмцээнийг Хүй долоон худгийн төв талбайд зохион байгуулах бөгөөд нийт 256 бөх барилдана. Энэ жилийн хувьд ямар нэгэн цол чимэг олгохгүй. Мөн сурын талбайд Үндэсний их харваа тэмцээнийг наадмын хоёр өдрийн туршид 08:00-19:00 цагийн хооронд зохион байгуулна” гэв.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Үндсэн зургаан насны морьдын уралдаанаас гадна жороо морины уралдаан болно. Дээд гурван насны уралдаан 13-14 км, хязаалан нас 11 км, шүдлэн, дааганы уралдааныг 5-6 км-т тус тус зохион байгуулна. Уралдааны бүртгэлийг цаасаар болон “Uyach” аппликейшнээр дамжуулж хийх боломжтой” гэсэн юм.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Хүрээ цам - Даншиг наадмаар нийт 250 гаруй цагдаагийн албан хаагч ажиллана. Иргэдийг зөвхөн зориулалтын зогсоолын талбайд машинаа байрлуулж, мөн хүүхдэдээ хараа хяналт өндөр тавьж, аюулгүй байдлаа хангахыг хүсэж байна” хэмээв.





