
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2025 оны 06 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад хийх төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй "Монгол-Узбекистаны II бизнес форум"-д оролцож, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар нээж үг хэллээ.
Монгол, Узбекистаны ард түмэн олон жилийн найрамдалт харилцаатай. Бүгд Найрамдах Узбекистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо тунхаглан зарлахад Монгол Улс хүлээн зөвшөөрсөн эхний таван улсын нэг билээ. Өнөөдөр бид энэхүү найрамдлыг ажил хэрэгч түншлэл болгон өргөжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Ташкент хотод хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцаанд стратегийн түвшний шинэ хуудас нээсэн чухал үйл явдал болсон юм. Уг айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд худалдааны эргэлтийг 10-20 дахин өсгөх зорилт дэвшүүлж, Улаанбаатар болон Ташкент хотуудад “Худалдааны төв” байгуулах шийдвэрийг гаргасан. Мөн 2024- 2026 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталж, уул уурхай, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх суурь тавигдсан.
Өнөөдөр эдгээр шийдвэр бодит ажил болон хэрэгжиж, “Узбекистаны худалдааны төв” Улаанбаатар хотноо нээгдэж, хоёр орны бизнес эрхлэгчдийн шууд харилцааг дэмжих боломжтой бодит платформ болон хөгжүүлж байна.
Шинээр батлагдсан Ташкент–Бишкек–Өрөмч–Улаанбаатар авто коридор логистикийн зардлыг бууруулж, хугацааг богиносгож, экспорт, импортын урсгалыг эрс нэмэгдүүлэх чухал суурь болж байна. Улаанбаатар–Ташкентын шууд нислэг 2025 оны хоёрдугаар хагаст эхлэхээр төлөвлөгдөж байгаа нь аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын солилцоог эрчимжүүлнэ.
Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, амьд мал экспортлох, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох үйл ажиллагаа илүү оновчтой, шууд чиглэлд шилжих боломж бүрдэж байна.
Узбекистан улс бол манай үндэсний үйлдвэрлэгчдэд зориулсан Төв Азийн зах зээлд нэвтрэх стратегийн гарц. Харин Монгол Улс ч тус улсын хувьд Зүүн Азийн чиглэлд хүрэх дэд бүтцийн хамтын түнш юм.
Бид хөрөнгө оруулалт, худалдаа, боловсрол, соёл зэрэг салбарт харилцан ашигтай, тогтвортой түншлэлийг дэмжиж, хамтын амжилт, хөгжил рүү хамтдаа тэмүүлж байна. Хоёр орны төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчдийг холбож буй энэхүү II форум нь зөвхөн өнөөдрийн уулзалт бус ирээдүйн хамтын хөгжлийн суурь болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Бид харилцан ашигтай, шударга, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэх болно.
Хоёр улсын ард түмний найрамдал, итгэлцэл үеийн үед бат бэх байж, хамтын ажиллагаа цэцэглэн хөгжих болтугай!






-
4 цаг 55 мин
-
23 цаг 32 мин
-
Өчигдөр 11 цаг 52 мин