
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Ойн газар, Азийн Ойн Хамтын Ажиллагааны Байгууллага (AFoCO), Дэлхийн банкны техникийн туслалцаатай “Mongolia Green Resilient Landscapes” төслийн хүрээнд 2025 оны 6-р сарын 16-20-ны өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улсад нүүрстөрөгч тооцооллын сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтын хүрээнд MRV (Хэмжилт, Тайлагнал, Баталгаажуулалт)-ийн суурь мэдлэг олгож, ойн нүүрстөрөгчийн тооцооллын лекц, дадлагын хичээлүүдийг үзэж судалсан. Мөн Ойн судалгааны үндэсний хүрээлэн (NIFoS), хиймэл дагуулын мэдээллийн үндэсний төвд зочлон, ойн мониторингийн дэвшилтэт технологитой танилцлаа.
Сургалтын хоёрдугаар шат 6-р сарын 23-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжлэх бөгөөд AFOLU (ХАА, Ойн аж ахуй, газрын ашиглалт) төслүүдийн хүлэмжийн хийн (GHG) нөлөөллийг үнэлэх чадварыг сайжруулахад чиглэнэ.
Сургалтыг Permian Global компанийн Техникийн үйл ажиллагааны төлөөлөгч Juan Chang, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (FAO)-ын Louis Bockel, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн (SNU) профессор Hee Han, мөн Кёнгю Их Сургуулийн (KU) профессор Kyeonghak Lee нар удирдан явуулж байна.
Сургалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны академи, ТББ, орон нутгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
Энэхүү сургалт нь Монгол Улсад нүүрстөрөгчийн тооцоолол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг төлөвлөх, Хэмжилт, Тайлагнал, Баталгаажуулалтын системийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид уг сургалтыг орон нутгийн түвшинд болон мод тарих, ургуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд зориулан зохион байгуулах бөгөөд БНСУ болон Монгол улсад зохион байгуулагдсан сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлтгэн уг үйл ажиллагааг удирдан явуулахаар төлөвлөж байна.






-
4 цаг 58 мин
-
23 цаг 35 мин
-
Өчигдөр 11 цаг 52 мин