Хэнтий аймагт зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг эхлүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
4 цаг 33 мин

“Гамшгийг тэсвэрлэх нийгмийн үндэс нь иргэн бүрийг багаас нь эхлэн аюулгүй амьдрах арга ухаанд сургах тогтолцоог бүрдүүлэхэд оршино. Хүний амь, эд хөрөнгө, амар тайван амьдралыг хамгаалахад бүх нийтийн хариуцлага, оролцоо нэн чухал.

Өнөөдөр /2025.06.24/ Хэнтий аймагт зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг эхлүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, зорилтыг танилцуулахын зэрэгцээ сургуулийн арга хэмжээтэй танилцлаа.

2015-2025 оны хооронд манай улсад тохиолдсон гамшиг, аюулт үзэгдлийн тоо өмнөх 10 жилийн дунджаас 32 хувиар өссөн бөгөөд үүнээс уур амьсгалын гаралтай аюулт үзэгдэл 2.9 дахин нэмэгдсэн. Харамсалтай нь гамшгийн улмаас амь насаа алдсан хүний тоо 36.7 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 96.2 хувиар тус тус өссөн байна.

Сүүлийн 10 жилд Хэнтий аймагт 1066 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 111 хүний амь эрсдэн, 181 мянган толгой мал хорогдож, нийт 79.7 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Эдгээрийн 77.5 хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой гэдгийг дурдах нь зүйтэй.

Засгийн газрын зүгээс гамшигт тэсвэртэй дэд бүтцийн хөгжлийг бүсчилсэн бодлогоор уялдуулж, сөрөн тэсвэрлэх үндэсний тогтолцоог төлөвшүүлэхээр ажиллаж байна. Миний бие 2025 оны 93 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журмыг баталж, гамшгийн удирдлагын тогтолцоог 7 бүсээр зохион байгуулахаар болгосон.

Энэ удаагийн иж бүрэн сургууль нь онцгой байдал, эрүүл мэнд, хууль хүчний байгууллагууд, орон нутгийн албан хаагчид хамтарсан дадлага, сургалтаар дамжуулан гамшгийн үед хариу арга хэмжээ авах, аврах, нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн тусламж үзүүлэх чадамжийг нэмэгдүүлэх зорилготой.

Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм. Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог эрс нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Энэхүү сургалт нь зөвхөн нэг удаагийн үйл ажиллагаа бус, гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцож, хохирлыг хамгийн бага түвшинд байлгах цогц бодлогын бодит хэрэгжилтийг хангах юм .

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.