С.АМАРСАЙХАН: Нисдэг тэргээр үзүүлэх түргэн тусламжийн шинэ стандарт нэвтэрлээ
Д.Оюунболд
Үйл явдал
/
6 цаг 1 мин
Өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд яаралтай тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр хүргэх шаардлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Энэхүү тулгамдсан хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран, олон улсын стандартад нийцсэн нисдэг тэрэгний түргэн тусламжийн системийг Монгол Улсад нутагшуулах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Тодруулбал Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан "Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх" сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид болж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан оролцлоо. Тэрээр сургалтад идэвхтэй оролцсон нийт алба хаагчид, зохион байгуулагч талуудад талархал илэрхийлж, энэхүү сургалт нь гамшгийн үед агаарын замаар эмнэлгийн тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтойг онцоллоо. Мөн “Монгол орны алслагдсан бүс нутагт оршин суугаа иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг агаараар түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх нь бидний хувьд цаг үеийн зайлшгүй шаардлага болж байна” хэмээн онцлов.
Манай улсад нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шинэ систем нэвтэрснээр иргэдэд эмнэлгийн тусламжийг түргэн, шуурхай, аюулгүй, хүртээмжтэй хүргэх, иргэдийн амь насыг аврах чадамжийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах бодит ахиц дэвшил болох юм.
Монгол Улсын Засгийн газар цаашид зөвхөн өнөөгийн хэрэгцээг хангахаас гадна нисдэг тэрэгний тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж зэрэг дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, Агаарын замаар үзүүлэх яаралтай тусламжийн нэгдсэн, тогтвортой тогтолцоог хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцолсон. Мөн энэ бол Монгол Улсын иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ үеийн шийдэл юм гэлээ.
Энэхүү шинэчлэл нь Монгол Улс бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламжийн шуурхай үйлчилгээний шинэ жишиг тогтоох, хүний амь насыг хамгаалах үндэсний хэмжээний тогтвортой стандарт бий болгоход чиглэж буй стратегийн томоохон алхам юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.