БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Төв аймгийн ЗААМАР суманд ажиллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 21 мин

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Салбарын хяналтын газрын дарга Д.Мөнхтогтох нар өнгөрсөн ням гарагт /2025.07.06/ Төв аймгийн Заамар суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Өнөөдрийн байдлаар Заамар суманд нийт 382 уурхайн тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд үүний 300 нь ашиглалтын, 82 нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байна. Бичил уурхайн гурвалсан гэрээ байгуулсан 30 аж ахуйн нэгжээс 13 ААН үйл ажиллагаа явуулж байгаа аж. Сайдад дээрх ААН-үүдтэй холбоотойгоор аймгийн Булган, Төв аймгийн Байгаль орчны газрын дарга нар мэдээлэл өглөө.

Булган аймгийн Байгаль орчны газрын дарга А.Гантөмөр “Тухайн орчимд 2025 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Хос хас ХХК, ГБНБ ХХК, Өгөөж баянхангай ХХК, Платинум ланд ХХК, Гэрэлт шинэчлэл ХХК, Мөнх нархан орд ХХК, Хантэнгэрийн дуудлага ХХК, Хамтын эх булаг ХХК, Өрмөн Уул ХХК, Вайнд майнд ХХК гэсэн 10 аж ахуйн нэгж байна. Энэ онд нийт 9 нөхөрлөл үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан” гэлээ.

Харин Төв аймгийн Байгаль орчны газрын дарга Ж.Даш-Яйчил нөхөн сэргээлтийн талаар “2024 оны байдлаар Төв аймгийн заамар суманд техникийн нөхөн сэргээлт 223,65 га талбайд, биологийн нөхөн сэргээлт 122,6 га талбайд, дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт техник 12,28 га талбайд, Булган аймгийн Бүрэгхангай суманд техникийн нөхөн сэргээлт 68 га талбайд, биологийн нөхөн сэргээлт 89.55 га талбайд, дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт техник 35.3 га талбайд тус тус хийгдсэн байна” гэлээ.

Салбарын сайдын зүгээс өнгөрсөн хугацаанд тухайн орчимд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулагч ААН-үүд нөхөн сэргээлт хийгээгүй байдлаас үүдэн эвдэгдэж, байгалийн унаган төрх алдагдсан нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл өглөө.

Тодруулбал, Б.Батбаатар сайд Заамар суманд ажиллахдаа байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт хийхэд онцгой анхаарал хандуулж ажиллах талаар Төв аймгийн Байгаль орчны газар, Булган аймгийн Байгаль орчны газрын удирдлагуудад даалгав.

Мөн тухайн орчмын тоосжилтоос үүдэн, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, байгаль орчин доройтож байгаа нөхцөл байдал анхаарал хандуулж ажиллах шаардлага байгааг онцлов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.