Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох гэрээ байгууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
7 цаг 19 мин

БНСУ-ын Гуяан хоттой Монголын Хөлбөмбөгийн Холбоо боловсон хүчин солилцох хамтын ажиллагааг эхлүүллээ. 

Гуяан хотын захиргаа, Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хөлбөмбөгийн дэд бүтцийг хөгжүүлэх болон хөлбөмбөгийн дасгалжуулагч зэрэг боловсон хүчин солилцох чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь хоёр байгууллагын нөөц бололцоо, туршлагад тулгуурлан хоёр орны хөлбөмбөгийн холбоодын хамтын ажиллагааг батжуулан тогтоох, олон улсын спортын солилцоог идэвхжүүлэх зорилготой хэмээн БНСУ-ын Гуяан хотын удирдлага мэдэгджээ.

Хэлэлцээрийн үндсэн дээр хоёр байгууллага энэ оны сүүлийн хагасаас хамтын ажиллагааны тодорхой хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар гэрээ үзэглэх үеэр хэлсэн үгэндээ “БНСУ-ын хөлбөмбөгийн хөгжил, манлайллын тогтолцооноос монголын боловсон хүчин суралцсанаар эх орондоо хөлбөмбөгийн спортыг дараагийн шатанд гарган хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааг цаашид тасралтгүй хөгжүүлж, харилцан солилцоог үргэлжлүүлэх болно” гэжээ.

БНСУ-ын Гуяан хотын удирдах газрын Ерөнхийлөгч Кан Сын Пил хэлэхдээ "Энэхүү гэрээг МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазартай байгуулснаар БНСУ-ын Гуяан хотын спортын сайн дэд бүтцэд тулгуурлан олон улсын спортын солилцооны цар хүрээг өргөжүүлэх боломж болох юм. Хоёр орны хөлбөмбөгийн хөгжил, залуучууд хоорондын харилцааг идэвхжүүлж, спортын соёлын солилцоог сэргээхэд бодит туслалцаа үзүүлнэ" гэж мэдэгджээ.

Энэхүү гэрээ байгуулагдсанаар тухайлбал, өвлийн улиралд Монголын тамирчид БНСУ-д бэлтгэл хийх, хамтын нөхөрсөг тоглолт зохион байгуулах, гэрээний хугацаанд Монголын дасгалжуулагчид БНСУ-д сургалтад хамрагдах боломж нээгдэж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.