“Сэлбэ 20 минутын хот”-ын газар шорооны ажлыг ирэх сарын 10-нд дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
Д.Оюунболд
Үйл явдал
/
7 цаг 6 мин

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажлыг нийт дөрвөн байршилд хийж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 10-нд дуусгахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Үүний дараа барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.

Эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалт болох 4400 айлын орон сууцыг 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд барихаар төлөвлөж байгаа бөгөөд ажлын явцын талаар “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Төслийн удирдлагын менежер Г.Ууганбаяр “Уг төслийн газар шорооны ажлын туслан гүйцэтгэгчээр монгол аж ахуйн нэгж байгууллагууд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтцийн буулгалт, барилгажилтын түвшин болон талбайн хэмжилтийн ажил дууссан бөгөөд газар шорооны ажил үргэлжилж байна” гэв. 

Төслийн хүрээнд орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор шийдэхээс гадна барилгаас гарсан саарал усыг зам талбай, усалгаа зэрэгт ашиглана. Мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх юм. Тухайлбал, нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифт зэргийн эрчим хүчийг шийдэхээр төлөвлөсөн. 

Мөн Сэлбэ хотод 10.068 өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барих юм. Түүнчлэн өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 90.8 хувьтай хэрэгжиж буй. Үлдсэн нэгж талбарыг чөлөөлснөөр нийт 15’600 яндан, 12’000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.