Д.БАТЛУТ сайдын санаачилгаар салбарын зарим алба хаагчдад ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА 20 сая төгрөгийн БАТЛАМЖ олголоо
З.Батхуяг
Үйл явдал
/
7 цаг 51 мин

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын санаачлагаар Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд өнөөдөр /2025.07.23/ нийт 100 орчим алба хаагчид орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөгийг олгох “Батламж”-ийг гардуулан өглөө.

Тус хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэрэгжүүлж буй “Хүн төвтэй төр” нийгмийн хамгааллын шинэчлэл, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахаар дэвшүүлсэн бодлогын хүрээнд хийгдэж буй 3 багц арга хэмжээний нэг юм.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут хөтөлбөрт хамрагдаж тус буй бие бүрэлдэхүүн, алба хаагчдад хандаж хэлсэн үгэндээ:

“Улсын хөгжил, салбарын хөгжлийг ярья гэвэл эхлээд хүний хөгжлийг ярих ёстой. Хүний хөгжил ярихын үндэс суурь нь нийгмийн хамгааллын асуудал мөн. Батлан хамгаалахын сайдаар томилогдохдоо, та бүхэнд “Шинэ Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн "ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГО”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” хэмээн танилцуулж байсан бол өнөөдөр эхнээсээ ажил хэрэг болж байна.

Энэхүү хөтөлбөрийг эхлүүлэхэд “Би биш бид” уриан дор БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд нэг баг болж, хамтын шийдвэрээр санаачлагатай ажилласны үр дүн байлаа” хэмээн онцлов.

Цаашид батлан хамгаалахын салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр нь зөвхөн орон сууцны урьдчилгаанаас гадна, ипотекийн зээлийн шаардлага хангасан ажилтан алба хаагчдад хүлээлт үүсгэлгүйгээр хамрагдахад дэмжлэг үзүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй алба хаагчийн гэр бүлд “Тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-үүдээр үргэлжлэх юм.

Өнөөдрийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа тэргүүтэй удирдлага, алба хаагчид оролцсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.