СХД-ийн ИТХ-ын дарга Б.ЗОЛБОО 32-р хороонд ажиллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-15

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоо холбогдох албаны хүмүүстэй тус дүүргийн 32-р хороонд ажиллалаа. Тус хороо нь хуучин 22-ын товчооноос Хүй 7 худаг хүртэлх нийт 15 мянган га гаруй газар нутгийг хамардаг бөгөөд албан ёсны бүртгэлтэй 5700 гаруй иргэн, түр оршин суугч болон албан бусаар оршин суугч нийт 2000 гаруй иргэд энд оршин амьдарч байна. Мөн тус хороонд малын гаралтай бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаас эхлээд роботын эд анги үйлвэрлэдэг нийт 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, орон нутгийн төсөвт жинтэй хувь нэмрийг оруулдаг юм.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоог тус хорооны нутаг дэвсгэрт ажиллах үеэр 32-р хорооны Засаг дарга С.Уянга хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд малын гаралтай бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж, цагийн болон түр ажлын байр олноор бий болж байна. Үүнтэй холбогдон хөдөө орон нутгаас шилжин ирж, бүртгэлгүйгээр оршин суух иргэдийн тоо манай хороонд эрс өссөн. Энэ нь гэмт хэргийн гаралт нэмэгдэх үндэс болж байна. Мөн суурьшлын бүс тэлж байгаа нь байгаль экологийн олон эсрдлүүдийг дагуулах боллоо” хэмээн ярив. Мөн тэрбээр олон чухал асуудлуудыг хөндөн ярив. Тухайлбал, хайрга дайрганы чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний улмаас тоосжилт эрс нэмэгдэж байгааг, хур борооны улирал ирж байгаатай холбогдуулан үер усны аюулаас сэрэмжлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах, үүний дотор үерийн ам дээр буусан, үерт өртөх эрсдэл бүхий айл өрх, аж ахуйн нэгжүүдэд яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг, үүсмэл хур хогийн цэгт хяналт тавих камержуулалтыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа, мөн тус хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Дархан Улаанбаатар чиглэлийн олон улсын авто зам дахь хэд хэдэн цэг дэх гэрэлтүүлэг, гэрлэн дохионы асуудлыг холбогдох газруудад уламжлан хүргэх зэрэг олон чухал асуудлыг хөндөн, хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон.

Сонгонохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоо тус бүс нутаг дахь дурьдсан газруудад газар дээр нь очиж ажиллан, зарим асуудлуудыг шуурхай шийдвэрлэв. Тэрбээр “32-р хороо нь нийслэлийн алслагдсан гэгдэх хороодын нэг юм. Төвөөс холдох тусам анхааралд өртөх нь багасч, мартагддаг тал бий. Тийм байж болохгүй. Бид сая шийдвэрлэсэн асуудлуудаа хэрхэн хэрэгжиж байгааг болон цаашид үр дүн хэрхэн гарч байгаад хяналт тавьж, эргэх холбоотой ажиллах болно. Нийслэл, дүүргийн зүгээс иргэдийг орон сууцжуулах, ажлын байрыг дэмжих, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах бодлогыг онцгойлон анхаарч байгаа. Иймд бид аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхлийг ханган ажиллах нь чухал юм. Цаашид Цагдаагийн байгууллага, Газрын алба болон бусад холбогдох газар хэлтсүүдтэй хамтран сая дурьдагдсан асуудлуудыг шийдвэрлэж ажиллана” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.