Богд хааны Хүрэн ордны зүүн талын барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу газрыг буцаан авна
Д.Оюунболд
Үйл явдал
/
3 цаг 7 мин

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах Богд хааны Хүрэн ордон буюу "Хайстайн Лаврин" гэх түүхэн дурсгалт барилгын зүүн талд амины орон сууц барьж буй асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар тухайн байршилд ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Богд хааны Хүрэн ордон буюу Хайстайн Лаврин нь Соёлын өвийн нэгдсэн бүртгэл болон Соёлын үл хөдлөх дурсгалын дэд системд түүхэн дурсгалт байшин төрөл зүйлээр бүртгэгдсэн барилга юм. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0.1-3 км орчимд сүр, бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх болон түүх соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн байна. Хэдийгээр газрын өмчлөгч иргэн О.Баасандорж нь амины орон сууцны зориулалтаар зөвшөөрөл авсан боловч зураг, төлөвлөлт батлуулалгүйгээр барилгын ажил эхлүүлж, зөрчил үүсгэсэн учраас энэхүү барилгын ажлыг зогсоож байна. Тиймд түүх, соёлын өв болсон тус барилгын ойр орчмыг хамгаалахаас гадна өмчлөгч иргэнтэй хуулийн дагуу зөвшилцөж, хохиролгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ ” гэв.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Засгийн газрын хуралдааны шийдвэр болон Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, соёлын өвийн дурсгалт газруудыг хамгаалах ажлын хүрээнд тус “Хайстайн Лаврин” зэрэг олон барилгыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу чухалчлан авч үзэх талаар Соёлын яам руу өргөн барих юм. Энэ хүрээнд өмчлөгч иргэнтэй наймдугаар сарын 15-ны дотор сонсох ажиллагааг зохин байгуулж, хуулийн дагуу газрыг буцаан авна. Үүнээс гадна Их тойруу орчмын 180 орчим барилга, байгууламж, түүхийн дурсгалт хэв шинж, өв, соёлыг агуулсан газруудыг хэвээр нь үлдээхээр ажиллаж байна” гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.