Ө.ШИЖИР: 15 жилийн өмнө 5,1 тэрбумаар барих байсан АЙМГИЙН ТЕАТРЫН БАРИЛГЫН зардал 2026 онд 26.6 тэрбум болж нэмэгджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
12 цаг 8 мин

Засгийн газраас 2026 оны төсвийн төслөө УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд төсвийн задаргааг ил болгож, шүүмжлэх байр суурийг илэрхийлээд байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Ө.ШИЖИР дараах мэдээллийг өөрийн сошил хаягтаа нийтлэжээ.

"ТӨСВИЙН ЗАРЛАГА НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ САЙЖИРСАНГҮЙ"

2026 оны улсын төсвийг өчигдөр хүлээж аваад өнөөдөр сууж байна. Ганцхан 2026 оны гэлтгүй сүүлийн 10 жилийн улсын төсвийн урсгал зардлын тэлэлт, хөрөнгө оруулалтын оновчгүй байдлаас үүдэж төсвийн зардал жил бүр хэдэн их наядаар нэмэгдсээр байна.

Тухайлбал сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсвөөс зөвхөн соёлын ордон, музей, театр, нэг цэгийн үйлчилгээ, ЗДТГ-н байр орон сууц, татвар, нийгмийн даатгалын барилга гээд 939 барилгын төсөлд нийтдээ 1.6 их наяд төгрөг зарцуулж. Энэ бүхэн нь эргээд улсын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж төсвийн хөрөнгө оруулалтыг багасгаж олсон орлогынхоо ихэнхийг зардал болгож нийгмийн суурь салбарын хөгжилд хүрэлцэхгүй явсаар өдийг хүрлээ. Үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, цагдаа, онцгой байдал гээд эдгээр байгууллагуудын хөрөнгө оруулалт багтаагүй болно.

Ганцхан жишээ хэлэхэд 2012 онд анхны төсөвт өртөг нь 5.1 тэрбумаар батлагдаж өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байж төсөвт өртөг нь 26 тэрбум болсон жишээ ч байна. Энийг доорх хүснэгтээр хараарай.

Гарын салаагаар хяналтгүй урсаж буй улсын төсвийн зардал 2016 онд 9.4 их наяд байсан бол 2025 онд 35.8 их наяд, 2026 онд 32.9 их наяд боллоо. Зардал нэмэгдэхийн хэрээр ард түмний амьдрал сайжирсангүй.

Иймээс төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын бодлого дээр бодит дүгнэлт хийх шаардлага нэн чухал байна. Та бүхэн УИХ-ын цахим хуудсаар орж төсөвтэй танилцаарай.

УИХ-ЫН ГИШҮҮН Ө.ШИЖИР

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.