Сэтгүүлч Б.Ганзоригийн “ХУУЧРААГҮЙ ХУУЧ” сэтгүүл зүйн номын нээлт боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 38 мин

“Сэрүүлэг” сонины сэтгүүлчээс ажлын гараагаа эхлүүлж, тухайн цаг үеийн улстөр, нийгэм, урлаг соёл, спорт, бизнесийн салбарт шалгарсан эрхмүүдээс хамгийн шуугиан дагуулсан ярилцлагуудыг авч “дуулиан дагуулж” байсан сэтгүүлч Борын Ганзоригийн “ХУУЧРААГҮЙ ХУУЧ” сэтгүүл зүйн номын баяр “Чингис хаан” үндэсний музейн эрдэм шинжилгээний номын санд боллоо.

Номын баярт түүний сэтгүүл зүйн гарааг эхлүүлсэн, Монголын чөлөөт сэтгүүл зүйн магнат, “Сэрүүлэг” сонины үүсгэн байгуулагч МУСЗ С.Баярмөнх, Удирдлагын академийн захирал асан, доктор, дэд профессор Д.Сүрэнчимэг, Физикийн ухааны доктор, эрдэмтэн судлаач Н.Тэгшбаяр, МЗЭ-ийн гишүүн, сэтгүүлч Л.Батцэнгэл тэргүүтэй хүндэт зочид, арван жилийн нэг ангийнхан болон Удирдлагын академийн нэг оны төгсөгчид, сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд, найз нөхөд, үр хүүхэд, хамт олон нь оролцлоо.

Сэтгүүлч Б.Ганзориг нь2000 оноос өнөөг хүртэл 25 жил сэтгүүл зүй, улстөр, бизнесийн салбарт үйл ажиллагаа өрнүүлж, “Улстөрч агентлаг” ХХК-ийн Улстөрч.мн сайтыг үүсгэн байгуулж, ажиллуулж байна. “Хуучраагүй хууч” номын хуримд уригдсан эрхэм зочдоос МУСГЗ “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнх хэлсэн үгэндээ “Б.Ганзориг бол Сэрүүлэг сонины сэрүүлэг шиг залуу сэтгүүлч байлаа. Хөдөлгөөнтэй, ямар ч ярилцагчаас яриа авч чаддаг, түүнийгээ амьдруулж чаддаг сэтгүүлч. “Сэрүүлэг” сонины шаргал хуудсанд ШУУГИАН ТАРЬСАН” гол ярилцлагуудыг тэр нийтлэж, хэвлүүлж чаддагаараа шилдэг нь байлаа... Одоо улстөрд орж ирж байна. Энэ бол маш зөв. Сэтгүүлч байхдаа гаднаас нь хүч үздэг байсан бол одоо дотроос нь улстөрийг шүүмжилж бичдэг сайн сэхээтэн болох нь гарцаагүй. Түүнийг телевизийн салбарт өөрийн нэрээ дархалсан сайн сэтгүүлч болж чадна гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон бол МЗЭ-ийн гишүүн, сэтгүүлч Л.Батцэнгэл “Ганзориг багаасаа шүлэг бичиж, үеийнхнээсээ ялгарсан хүүхэд. Багшаа би сэтгүүл зүй болон яруу найргийн хоёр номоо хэвлүүлье. Та редактор хийгээд өгөөч гэж хандаж байсан. “Хуучраагүй хууч” бол ёстой л хуучраагүй хуучаар дүүрэн сайхан ном болж. Шавьдаа бүтээж туурвих их үйлсэд нь амжилт хүсье” гэв.

Монголын сэтгүүлзүйн ярилцлагын төрөлд цахиур хагалах “Хуучраагүй хууч” номд Олимпийн анхны алтан медальт Н.ТҮВШИНБАЯРЫН хөлс нь хатаагүй шинэхэн яриа, Төрийн тэргүүний өндөр албанд зүтгэж байсан Ерөнхийлөгч Н.Энхбаярын тамгаа шилжүүлэхээс өмнөх “тамгатай яриа”, Ерөнхий сайд асан С.БАЯРЫН “зангарагтай яриа”, тухайн үедээ л амьдрал нь олны анхааралд тод өртөөд байсан дуучин Б.Сэрчмаагийн хувийн амьдрал болоод аж байдлын талаарх “халуун яриа”, 90 саяын Гансүхийн “нууц яриа”, нэрт бизнесмен, рашаан судлаач Намбар гуайн “эмтэй яриа”, залуу ноёнтон, Их засагийн босс Н.Учралын “өнгөтэй яриа” зэргийг нийтлэж “Сэрүүлэг” сонины уншигч, захиалагчдын “хорхойг хөдөлгөж” байсан нэгэн юм.

Ийнхүү хуучирч  шаргалтсан, урагдаж илэгдсэн сонины ярилцлагуудаа ном болгон эмхэтгэж одооны уншигчдын “шүлсийг гоожуулсан” шимтэй, амттай, агуулга чанартай сэтгүүл зүйн шинэ бүтээл гаргаж чадсан болохыг МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр болон сэтгүүлч Ч.Үл-Олдох нар онцолж байлаа.

Сэтгүүл зүйн ярилцлагын төрөл бол хамгийн хүнд, хамгийн чанартай бүтээл гардаг төрөл. Үүнийг гарамгай эзэмшсэн сэтгүүлч Б.Ганзориг нь “Өглөө оройгүй гуйж, гүйж, аргадаж, загнуулж, ахлаж, хүргүүлж байж авсан ярилцлагуудаа нэгтгэж ном болгон үлдээж байгаадаа баяртай байна. Энэ бол миний, манай сэрүүлэг сонины түүх. Үеийнхэндээ хандаж хэлэхэд та бүхэн маань ч бас өөрсдийн ярилцлага сурвалжилгаараа ном бүтээгээрэй” гэж онцлон хэллээ. Түүний номын нээлт урмыг үгээр цалгиж, цэцгийн баглаагаар дүүрч, амжилт бүтээлийн ерөөлөөр дэвэрсэн дүүрэн сайхан боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.