Оюутолгойн гэрээг байгуулсан С.БАЯР, С.БАЯРЦОГТ хоёрыг “АРДЫН БААТАР” цолоор ШАГНАЯ !!!
З.Батхуяг
Нийтлэл
/
6 цаг 27 мин

УИХ-ын гишүүн О.БАТНАЙРАМДАЛ, П.ГАНЗОРИГ, Э.БОЛОРМАА, Б.БАТ-ЭРДЭНЭ нарын гишүүд хууччуулаа өмнөө суулгачихаад загнаж зандраад, аашлаж уурлаад, томорч, тодроод сүйд. Н.Багабанди, Н.Энхбаяр тэргүүтэй Ерөнхийлөгчид, Д.Дэмбэрэл, З.Энхболд нарын УИХ-ын дарга нар, С.Баяр, Н.Алтанхуяг тэргүүтэй Ерөнхий сайдууд, С.Баярцогт, Д.Зоригт, Д.Тэрбишдагва тэргүүтэй сайд, гишүүн байсан хүмүүс “ЦАГ ХУГАЦААНЫ ШҮҮЛТЭД” орж байна.

Цаст уулын цагаан арслан цаг нь болохоор шоргоолжинд бариулна гэж үгтэй. Өөрийнхөө цаг үед улстөрийн бүх эрх мэдлийг гартаа атгаж байсан ӨВГӨН УЛСТӨРЧИД хөөрхий минь залуу үеийнхэндээ, өөрсдийн хүүхэд шиг хүмүүстээ загнуулаад, байцаагдаад сууж байгааг бид таван өдрийн турш харлаа.

Нэг талдаа өрөвдмөөр ч, нөгөө талдаа харамсмаар... Гэрээ нь байгуулагдахаасаа өмнө 20 жилийн улстөрийн эсэргүүцэл дундуур явж явж 2009 онд буюу Д.Дэмбэрэлийг УИХ-ын дарга байхад, С.Баярыг Ерөнхий сайд байхад Монголын эдийн засагт НОГООН ГЭРЭЛ АСААСАН “Оюутолгой” ордын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, тэр цагаас хойш Монголчууд одоо ч үр шимийг нь хүртэж байгаа.

Хянан шалгах түр хорооны гишүүд өдрийн хоол, ууж буй кофегоо “ОЮУТОЛГОЙГООС ОЛСОН МӨНГӨНӨӨР” авч байгаа. Харин тэд тухайн үедээ УЛСТӨРИЙН МАНЛАЙЛАЛ, ЭР ЗОРИГ ГАРГАСАН улстөрчдөө “цаазлах” гээд сууж байгаа нь харамсалтай.

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болоод буй “ОЮУТОЛГОЙ”-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах улстөрийн эцсийн шийдвэрийг тухайн үеийн парламент гаргасан. Тухайн үеийн УИХ-ын гишүүд дэмжсэн нь ч бий, эсэргүүцсэн нь бий. Гэхдээ л ГЭРЭЭ ХИЙЖ мөнгө олж, өнөөгийн хэдийг тэжээж, одоо загнуулах боломжийг бүрдүүлсэн нь түүхэн зөв алхам байсан юм.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хянан шалгах түр хороо нь ямар алдаа гарсан, одоо нөхцөл байдал ямар байна, үүнийг цаашид хэрхэн, яаж засаж сайжруулах вэ, үр дүн нь ямар байх вэ гэсэн үндсэн асуудлыг хөндөх байтал гэрээ хийсэн ах улс төрчдөө буруутгаж, чи авлига авсан, та монголын эрх ашгаас урвасан, бид өр төлж байна. Ашиг хүртэх хугацаа хол байна гэх зэргээр өнөөх л улиг болсон, олон жилийн үлгэрээ ярьж байна.

С.Баяр ч тэр, С.Баярцогт Оюутолгойн гэрээ сайн гэрээ. Гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талтай Монгол улсын авах эдийн засгийн ашиг аа л дутуу тооцсон, буруу аргачлал гаргасан, тухайн үедэ туршлага багатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тэд ч энэ асуудлаараа ШҮҮХЭЭР ОРЖ ЯЛ ШИЙТГҮҮЛЖ, торгууль төлж, зарим нь цагаатсан.

Сонсголд оролцож буй гэрчүүдийн хэлж, ярьж буй бүхэн, үзүүлж харуулсан баримтууд, УИХ, ЗГ-ын тогтоол, гэрээ хэлцлийн баримт бичгүүд нь тухайн цаг үедээ түүхэн үүргээ гүйцэтгэсэн, одоо үед хэрэглэх боломж хомс байгаа нь илт. Учир нь УИХ-аас олон удаагийн ажлын хэсэг гарч, олон өөр утга агуулгатай тогтоол батлуулж, холбогдох хуулиудыг нь өөрчилж сайжруулсан тул өмнөхийг одоотой харьцуулах нь угаас утгагүй.

Асуудлын гол нь, хамгийн буруу шийдвэр, ямар алдаа нь хэдий үед гарсан бэ гэдгийг С.БАЯР, С.БАЯРЦОГТ нарын ярианд тод байна. С.Баярын Засгийн газрын байгуулсан энэ гэрээг засаж сайжруулах эрх дараа дараагийнх нь Засгийн газарт байсаар атал үүнийг тоохгүй орхиж явсаар өнөөдрийн түймрийг дэгдээчихсэнд л байна. Нэг нь буруу зүйл хийсэн бол дараагийн Засаг нь түүнийг таслан зогсоогоод, засаж сайжруулаад л явдаг. Ямар ч Засгийн газрын хамгийн том бодлого бол Монгол Улсын эрх ашиг шүү дээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 14 мега төсөл нь хэрэгжих боломжгүй, буруу зүйл байсан гээд Г.Занданшатарын Засгийн газар засаад, хасаад “хүн төвтэй бодлого” гаргаж байгаа шиг ингэж л явах ёстой.

Сэгэн дээр хэрээний сүрэг шавдаг шиг хуучирч, тэтгэвэртээ гарсан хэдэн хөгшин улстөрчдийг оролцуулсан хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол Ц.ДАВААСҮРЭН, С.ГАНБААТАР. Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГА, Х.БОЛОРЧУЛУУН, Б.БАТТӨМӨР тэргүүтэй улиг болсон, хэрэгцээнээс гарсан “уранхай дотоож” шиг ПОПУЛИСТ УЛСТӨРЧИД голлон буруу, алдаатай, ашиггүй гэрээ хийсэн гэдэг үгээ тоть шиг давтаж ярьсаар байна.

Сонголын нэг давуу тал нь Монголын талыг төлөөлж Оюутолгойн ТУЗ-д суудаг болон суудаг байсан нөхдүүд ирж оролцсон явдал. Тэдний дунд ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан, М.Даваажаргал нарын ярьж буй зүйлс анхаарал татна. Ихээхэн ухвал тэдний тайлбарт Монгол улс юун дээр алдаад байгааг тод илэрнэ. Ганц хэрэггүй хүн байгаа нь Ерөнхийлөгч нь Н.БАГАБАНДИ гуай байв. Тэрбээр 10 жил Оюутолгойн ТУЗ-д Монгол Улсын Засгийн газрын эрх ашгийг төлөөлөн суусан хүний хувьд ганц удаа ам ангайв. Төрийн тэргүүн байсан хүн ч арай голтой дүгнэлт хэлнэ дээ гэж харж, хүлээж байтал “Биднийг бүх талаар дэмжсэн үе үеийн Засгийн газарт баярлалаа” л гэв... Түй чёрт. Естой юу ч гэхэв дээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.