Онцгойгийн аврагчид одоо галын дуудлага мэдээлэл аваад 14-17 минутанд газар дээр очиж байгааг ХУРДАСГАЖ 10-13 минут болгоно гэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 25 мин

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хурал болж байна. Хурлын үеэр НИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ,  2026 онд бид дараах үндсэн 3 чиглэлд онцгой анхаарч ажиллана.

НЭГДҮГЭЭРТ, ГАЛЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧИЛНЭ

Өнгөрсөн 2025 онд галын дуудлага 32 хувиар нэмэгдсэн. Эдгээр галын дуудлагуудын 60 орчим хувийг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг эзэлж байна.

Галын ихэнх шалтгаан нь иргэд ахуйн хүрээнд ил гал алдах,  цахилгааны масс-аас үүдэлтэй байна. Иймээс гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл сайн ажиллах хэрэгтэйг сануулж байна.

Галаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй байна.  Нөлөөллийн ажлыг хүүхэд, багачуудаар дамжуулан өрх, гэр бүлийн түвшинд хүргэцгээе. Үүний тулд дүүрэг бүр дэргэдээ сургалтын танхимтай болъё. 

2025 оны байдлаар 26,2 тэрбумын хохирол учирсан байна. Тэгвэл Онцгой байдлын тактик, техник хэрэгслийг бид орчин үе рүү шилжүүлэх цаг нь болсон.   2026 оны хамгийн чухал хийх ажил бол Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах юм.

Нийслэл Улаанбаатар хотод 19 байршилд өндрийн камер суурилуулж, галын машин бүр камер, GPS-тэй, гал сөнөөгч бүр энгэрийн камертай болж бүх камеруудыг хиймэл оюун ухаанд холбож нэгдсэн удирдлагын төвөөс хянаж, тактик оновчтой боловсруулж, зөв удирдлага менежментээр түргэн шуурхай хангаснаар илүү олон хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нөхцөл бүрдэнэ. 

ХОЁРДУГААРТ, ГАЗ БУЮУ ХИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭНД ХҮН БҮР БЭЛЭН БАЙЦГААЯ 

Нийслэлийн Улаанбаатар хотод Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих зорилгоор хийн түлшийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна.  Шинэ хэрэглээ, шинэ технологид бид бэлэн байх ёстой. Газын хэрэглээний  соёл, аюулгүй ажиллагааг ард иргэддээ танин мэдүүлье.  Хийн түлш нийлүүлэгч, хэрэглэгч, онцгой байдлын газар хэрхэн хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулж, ажлын хэсэг гаргаж үр бүтээлтэй ажиллах ёстой. 

ГУРАВДУГААРТ, ГАЗАР ХӨДЛӨЛТ ГАРЦААГҮЙ АНХААРАХ АСУУДАЛ МӨН 

3 баллаас дээш гардаггүй байсан газар хөдлөлт одоо 4,2-с буухгүй байна. Газар хөдлөлтийн давтамж ойртож, цаашид эрчимжих хандлага байна. Иймээс  нэн түрүүнд барилга байшингуудын эрсдэлийг үнэлж паспортжуулах ажлыг эрчимжүүлцгээе. 

Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, төрийн байгууллагуудын зохион байгуулалтын ажил хангалтгүй, арга зүй төлөвлөгөө дутмаг байна.  Сургалтыг үр өгөөжтэй, тодорхой давтамжтай зохион байгуулж хэвших чухал байна. Сургалтаа 9 дүүргийн ЕБС-иас эхэлье гэжээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.