Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар өнөөдөр /2026.03.13/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа, Д.Энхтуяа болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Уулзалтаар талууд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтггүй тусламжийн хүрээнд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Атал Бихари Вижпай-н нэрэмжит “Мэдээллийн технологи, харилцаа, аутсорсингийн төв”, Энэтхэг-Монголын хамтарсан ерөнхий боловсролын сургууль барих төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийн талаар санал солилцсон.
Байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гээд хоёр улсын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжиж, хамтын ажиллагаа эрчимжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Их Хурал 2021 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хуулийг баталсан төдийгүй 2025 онд баталсан Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тус үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөснийг дурдлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа болон гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн 2027 оны хагаст ашиглалтад оруулах зорилтыг тавьж, Улсын Их Хурал, Засгийн газар, салбарын яам нэгдмэл байр суурьтай ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн тул Улсын Их Хурлын даргын 74 дүгээр захирамжаар Ажлын хэсгийг байгуулан ажиллаж буйг дуулгалаа. Улмаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөж буйг дурдаад Төсвийн байнгын хороо уг асуудалд анхаарал тавин ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Атул Малхари Готсурве Төсвийн байнгын хорооны дарга болон гишүүд хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд хоёр улс стратегийн түншүүд төдийгүй өнө эртний буддын шашнаар холбогдсон оюун санааны ахан дүүс гэдгийг онцлов. Мөн хоёр улсын харилцаанд парламентын хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглээд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж буй төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явц, шийдвэрлэх шаардлагатай цаг тулсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Ялангуяа Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулахад энэтхэгийн талаас анхаарал тавин чармайн ажиллаж буйг тэмдэглээд энэхүү бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд хууль эрх орчныг сайжруулах, төслийн ажлын эрчимжилтийг ахиулах асуудалд холбогдох байгууллагуудад чиглэл өгч, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ
Холбоотой мэдээ
-
6 цаг 1 мин
-
Өчигдөр 17 цаг 48 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Өчигдөр 15 цаг 53 мин
-
Өчигдөр 15 цаг 53 мин
-
Өчигдөр 15 цаг 48 мин
-
Өчигдөр 15 цаг 47 мин
-
Өчигдөр 15 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Уржигдар 20 цаг 33 мин
-
Уржигдар 18 цаг 06 мин
-
Уржигдар 16 цаг 56 мин
-
Уржигдар 16 цаг 47 мин
-
Уржигдар 16 цаг 33 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2026-03-10
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 20 цаг 33 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
Уржигдар 14 цаг 55 мин
-
Өчигдөр 15 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Өчигдөр 15 цаг 47 мин
-
Өчигдөр 15 цаг 45 мин
-
Уржигдар 18 цаг 06 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин