Улсын Их Хурлын дарга Н.Учрал БНЭУ-аас манай улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
Д.Оюунболд
Үйл явдал
/
1 цаг 44 мин

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.03.13) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас манай улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Атул Малхари Готсурве Улсын Их Хурлын болон МАН-ын даргаар сонгогдсонд нь Улсын Их Хурлын дарга Н.Учралд баяр хүргээд, Энэтхэгийн парламентад хоёр танхимын гишүүдээс бүрдсэн Энэтхэг, Монголын парламентын бүлэг байгуулагдсаныг танилцуулж, тус бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалт, танилцуулгыг гардуулав.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа эдийн засгийн агуулгаар улам баяжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, парламентын бүлэг, Байнгын хороод болон Тамгын газруудын харилцааг идэвхжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв. Тэрбээр “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэдийн эрх, эрх чөлөөг хааж боогдуулсан, хүнд суртал үүсгэсэн журам дүрмийг цөөлж, хууль тогтоомжийг Монгол Улсыy Үндсэн хуульд нийцүүлэх эрх зүйн шинэчлэл хийхээр ажиллаж байгаагаа танилцуулан, үүний хүрээнд үнийн өсөлт, инфляцаас иргэдээ хамгаалах, бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, зөвшөөрлийн тогтолцоог халах, банк санхүүгийн реформ хэрэгжүүлнэ гэлээ. Улсын Их Хурлаас явуулж буй шинэчлэлийг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлж, Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг төсөл, хөтөлбөрүүд нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж буйг онцолж, үүнд дэмжлэг үзүүлж ирсэн тус улсын парламент, Лок Сабха болон үнэтэй хувь нэмэр оруулж буй Элчин сайдад талархал дэвшүүллээ.

Элчин сайд Атул Малхари Готсурве Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй эдийн засаг, боловсрол, соёлын төслүүд, тэдгээрийн явцын талаар товч танилцуулж, худалдаа, санхүү, хөдөө аж ахуйн боловсруулах салбарын харилцаа ихээхэн идэвхжиж буйг дурдав. Түүнчлэн бүс нутаг, олон улсын байгууллагын түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцааг хөгжүүлэхэд идэвх санаачилга гаргаж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.