“Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртсэн бэлтгэл хурандаа Г.Чулуунд хүндэтгэл үзүүллээ
Бямбажаргал
Үйл явдал
/
2 цаг 7 мин

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртсэн ОБЕГ-ын  ахмад ажилтан,  бэлтгэл хурандаа Г.Чулуунд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүндэтгэл үзүүллээ.

Бэлтгэл хурандаа Г.Чулуун нь Улаанбаатар, Дорнод, Булган аймгийн салбарын дарга,  нисгэгч-ажиглагч, нислэг техникийн тасгийн дарга, Улсын галын аюулаас хамгаалах газрын орлогч бөгөөд Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны дарга, Улсын Иргэний хамгаалалтын газрын Байгалын гамшигтай тэмцэх албаны дарга зэрэг албан тушаалд 25 жил ажилласан юм.

Ажиллах хугацаандаа Монгол, Зөвлөлтийн хилийн бүс орчмын ой, хээрийн түймрээс хамтарч хамгаалах гэрээ хэлэлцээрт оролцож, гарсан түймрийг хамтран унтраах ажилд удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан.

Монгол Улсад ой, хээрийн түймэртэй тэмцэх мэргэжлийн байгууллага, Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албыг байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг Зөвлөлтийн мэргэжилтэнтэй хамтран холбогдох судалгаа тооцоог хийж, Улсын төлөвлөгөөний комисст оруулан хэлэлцүүлэн батлуулж, Монгол Улсын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 435 дугаар тогтоол гарч алба байгуулахад  үнэтэй хувь нэмэр оруулсан.

Мөн  200 гаруй шүхэрчнийг Зөвлөлтийн мэргэжилтэн нартай хамтран анх удаа ой, хээрийн түймэр унтраах арга тактикт сургаж дадлагажуулан бэлтгэсэн бол 600 гаруй цагийн нислэг үйлдэж, 156 ой, хээрийн түймрийг нислэгээр илрүүлэн шүхэрчдийг осолгүй тооцоолон, осол авааргүй буулгаж унтраасан байна.

Түүнчлэн ойн түймэр унтраах арга тактик болон цас зуд,том хэмжээний хүчтэй шаталттай ойн түймэр дээр ажиллах онгоц, нисдэг тэрэгний нислэгийн аюулгүй  байдлыг хэрхэн хангах талаар өнгөрсөн он жилүүдэд 6 ном бичиж, хэвлүүлэн мэргэжлийн хүмүүсийн гарын авлага, иргэдийн мэдлэгт зориулан тараасан байна.  

Тэрээр Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 22 жилийн хугацаанд байгууллагаас төрөн гарсан 28 дахь гавьяат буюу 20 дахь "Үйлчилгээний гавьяат ажилтан" юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.