“Онцгой байдал-гамшиг судлал” хөтөлбөрт суралцсанаар гамшгийн эрсдэлийн удирдлага болон аврах ажиллагааны тусгай ур чадварт суралцана
Бямбажаргал
Үйл явдал
/
1 цаг 52 мин

Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн профессор, доктор, хурандаа Ц.Ганчимэгтэй тус сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн талаар ярилцлаа.

- Онцгой байдлын сургууль ямар хөтөлбөрүүдээр элсэлт авдаг вэ?

-Манай сургууль “Онцгой байдал-гамшиг судлал” чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Онцгой байдал-гамшиг судлал” бакалаврын сургалтын хөтөлбөр нь үндэсний хэмжээнд болон олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр юм. “Онцгой байдал, гамшиг судлал” хөтөлбөрийн зорилго нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, удирдан чиглүүлэх чадвартай тактикийн түвшний мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Бид суралцагчдыг мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх чадамжтай, эх оронч үзэлтэй, ёс зүйтэй, хүний эрхийг дээдлэн хамгаалдаг, албаны сахилга баттай, сэтгэл зүй болон бие бялдрын өндөр бэлтгэлтэй боловсон хүчин болгон төлөвшүүлж байна.

-“Онцгой байдал, гамшиг судлал” хөтөлбөрөөр элсэхийн тулд ямар хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх ёстой вэ? Мөн босго онооны хэд байвал шаардлага ханнгадаг бол?

“Онцгой байдал, гамшиг судлал” бакалаврын хөтөлбөрт элсэхийн тулд элсэгчид Элсэлтийн ерөнхий шалгалтад (ЭЕШ) математик болон нийгэм судлалын хичээлүүдийг суурь шалгалт болгон өгсөн байх шаардлагатай. Элсэгч нь эдгээр хоёр хичээлийн аль өндөр оноотой үзүүлэлтээрээ бүртгүүлэх боломжтой бөгөөд босго оноо нь 450 ба түүнээс дээш байна.

-Ур чадварын шалгалтын хувьд..?

“Онцгой байдал-гамшиг судлал” хөтөлбөрийн хувьд ЭЕШ-аас гадна мэргэжлийн онцлогт тохирсон бие бялдар болон сэтгэл зүйн ур чадварын шалгалт авдаг. Мөн эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эсэхийг нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн хянадаг. 

-Оюутан солилцооны хөтөлбөр байдаг уу?

-Сурлагын амжилтаар тэргүүлэгч болон гадаад хэлний өндөр мэдлэгтэй суралцагчид хамтын ажиллагааны санамж бичиг бүхий гадаадын ижил төстэй их, дээд сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой.

-“Онцгой байдал-гамшиг судлал” хөтөлбөрөөр суралцсанаар ирээдүйд ямар ажил хийх вэ?

-Тус хөтөлбөрийг амжилттай төгссөнөөр төгсөгчид захиалагч байгууллагын хүний нөөцийн бодлого, шийдвэрийн дагуу офицерын бүрэлдэхүүнд томилогдож, Онцгой байдлын ерөнхий газар болон түүний харьяа анги, байгууллагуудад ажиллах боломж бүрддэг. Ингэснээр ажлын байраар бүрэн хангагдахаас гадна төрийн тусгай албан хаагчийн хувьд холбогдох хууль, тогтоомжид заасан нийгмийн баталгаа, хангамжийг эдлэх давуу талтай.

-Танай сургуульд суралцахаар зорьж байгаа элсэгч хүүхдүүдэд хандаж юу гэж зөвлөх вэ?

-“Онцгой байдал, гамшиг судлал” хөтөлбөрийг сонгоно гэдэг нь зөвхөн диплом авах бус, эх орондоо тангараг өргөж, нийгмийнхээ хамгийн хүнд, эгзэгтэй нөхцөлд нүүр тулан зогсох хариуцлагатай, нэр төртэй замыг сонгож буй хэрэг юм. Бидний мэргэжил бол мэдлэг боловсрол, сэтгэлийн хат, бие бялдрын өндөр бэлтгэлжилтийн нэгдэл билээ. Манай сургууль таныг гамшгийн эрсдэлийн удирдлагын орчин үеийн мэдлэг, аврах ажиллагааны тусгай ур чадвар, сэтгэл зүйн тэсвэр хатуужилд системтэйгээр сургана. Эрдэм мэдлэг, эх орноо гэсэн чин сэтгэлтэй та бүхнийг бидэнтэй мөр зэрэгцэн зүтгэх ирээдүй хүлээж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад нь өндөр амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.