"Эко клуб"-ын сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулах аргачлалд суралцлаа
Үйл явдал
/
1 цаг 33 мин

Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн “Эко клуб”-тэй хамтран “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэг алхамд суралцъя” танин мэдэхүйн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Эхний алхмаа “Хаягдал цаасаа дахин боловсруулцгаая” сэдвийн хүрээнд уулзалт, сургалт хийсэн юм.

Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн эко клубын сурагчид байгаль орчны боловсролоо нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах зорилгоор хаягдал цаасыг дахин боловсруулах аргачлалд суралцлаа.

Хог хаягдал, ялангуяа органик болон хуванцар хаягдал нь задрах явцдаа метан, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг хүлэмжийн хийг ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлдэг. Монгол Улсад нийт хог хаягдлын 90 орчим хувь нь ахуйн гаралтай байдаг. Эдгээрийг ангилан ялгаж, дахин боловсруулах замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах бодит боломж бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 67, 84, 34, 111, 29-р сургууль болон Амгалан цогцолбор сургуулийн 50 гаруй сурагч багш нар хамтарч “Уудам Монгол” сургуулийн хаягдал цаас дахин боловсруулах туршлагаас хуваалцлаа.

Энэ үеэр тус сургуулийн “Эко клуб”-ын багш Оюун-Эрдэнэ хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулж ангилан ялгаж хэвшихийн ач холбогдол, эерэг нөлөөлөл болон цаасыг дахин боловсруулах аргын талаар үзүүлэн сургалт хийлээ.

Сургалтын үеэр хүүхдүүд хэрэглэсэн цаасыг хэрхэн ангилан ялгах, дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн болгон ашиглах боломжтой талаар онол, практик хосолсон мэдлэг олж авсан байна. Тэд хуучин сонин, дэвтэр, хэвлэмэл материалыг жижиглэн буталж, усанд дэвтээн, целлюлоз болгон боловсруулж, дахин цаас үйлдвэрлэх үйл явцыг биечлэн туршиж үзлээ. Ингэснээр сурагчид хог хаягдлыг зөв зохистой ангилах, байгальд ээлтэй дадал хэвшил төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд дахин боловсруулсан цаасаар гар урлалын бүтээл хийх боломжтойг ойлгож, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан юм. Мөн бодит дадлага туршлагаар дамжуулан байгальд ээлтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг мэдэрсэн үйл ажиллагаа болсон юм.

"Эко клуб"-ын багш нарын зүгээс цаашид ийм төрлийн сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж, сурагчдыг байгаль орчноо хамгаалах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас дараагийн хэрэгжүүлэх үйл ажиллагааг “Хоолны хог хаягдлаа бордоо болгох нь” сэдвийн хүрээнд ЕБС-ийн сурагч, багш нар, хоол үйлдвэрлэлийн салбарынхантай хамтран хийх юм.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын иргэд жилд дунджаар 120,000 тонн хүнсний хог хаягдлыг бий болгодог. 120,000 тонн хүнсний хаягдлаас ялгарч буй хүлэмжийн хий нь 20,000 автомашин замын хөдөлгөөнд оролцсоноор гаргах утаатай дүйцдэг байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.