Н.УЧРАЛ: Миний ЗОРИГТ БҮҮ ЭРГЭЛЗ. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ нь манай Засгийн газрын ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 26 мин

Монгол Улсын Ерөнхий сайд Н.УЧРАЛ УИХ-ын асуулгын цагт оролцохдоо гишүүдийн асуултад ийн хариуллаа. 

  • Ипотекийн зээл 2013 онд үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. 11.87 их наяд төгрөгийн зээлд 133 мянган өрх хамрагдаад байна. Ийм их хөрөнгө оруулалт хийчхээд байхад яагаад яндангийн тоо буурахгүй байна вэ? Тийм учраас ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой.
  • Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Татварын байцаагч нарын хаасан 12 мянга гаруй данс нээсэн. Өнөөдрийн байдлаар 42 тэрбум төгрөг эргэж төлөгдсөн.Төр ард түмэндээ, аж ахуйн нэгждээ итгэж, боломж олговол ямар тод үр дүн гардаг вэ? Гэдгийг энэ шийдвэр нотолж байна. Хаагаад, хязгаарлаад байвал илүү далд эдийн засгийг бий болгодог. Компаниудын үйл ажиллагаа, баялаг бүтээгчдийг дэмжих нь засгийн газрын бодлого үйл ажиллагаа. Татвар хаадаг байдлыг хяналтад байлгая. Цаашид иргэддээ итгэж урагшилна.
  • Танай, манай гэж ярих нь зохимжгүй. Бид хүнээс илүү систем ярих ёстой. Авлигатай тэмцэх тэмцэлд би үргэлж хатуу байр суурьтай байна. Нам дотроо цэвэрших ёстой. Хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Нам нь эрүүл бол төр нь эрүүл байна. Намаа цэвэршүүлэхийн төлөө бидний залуучууд аль аль талдаа хичээе. Би намаа цэгцлэх ажилд ханцуй шамлаж орсон. Бүгдээрээ хүн ярьсаар явбал бид дийлэхгүй шүү.
  • Өнгөрсөн хугацаанд Монгол Улс цахим засаглалын индексээрээ л урагшилсан. Нээлттэй засаглалын түншлэл авлигыг бууруулах ганц шийдэл цахимжилт гэсэн. Дэлхийн засгийн газруудын дээд хэмжээний уулзалт энийг л үнэлсэн. Тийм учраас цахимжилтаа амилуулъя. Бүртгэл, газар олголт, лиценз бүгдийг нь блокчэйн дээр оруулъя. Монголд ардчилал байгаа. Өнөөдөр бид үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг, шүүмжилж чаддаг. Бид бас азтай хүмүүс шүү. Сөрөг хүчин бүхнийг үгүйсгэж сөрөг хүчин хийх нь надад таалагдахгүй байна.
  •  12 мянган иргэн, аж ахуйн нэгжийн дансыг нээсэн. 10 хоногт 42 тэрбум төгрөг төлсөн байна. Төр иргэддээ итгэвэл том үр дүн гарч байна.
  • Хөдөлмөрч хүн болгонд саад тээг болдог хүнд суртал, дүрэм журмыг чөлөөлж өгөх юмсан гэдэг итгэл үнэмшлээр би хүн болж хүмүүжсэн. Тийм учраас нуугаад хаагаад байх, ард түмнээсээ нуугдаад байх нэг ч зүйл байхгүй. Миний ахуй амьдрал, гэр бүл, бизнес, хөрөнгө орлогын мэдүүлэг бүх зүйл ил тод. Цаашид ч энэ байр сууриа барьж ажиллана.
  • Цахим хөгжлийн сайдаар томилогдоод Боловсролын зээлийн сан, ашигт малтмалын бүх лиценз, ЖДҮ, Нийгмийн даатгалын сан гээд бүх мэдээллийг shilen.gov.mn дээр ил болгож, нээсэн. Эргэн төлөлт долоон сарын дотор 35 хувьд хүрсэн. Төр ард түмэндээ итгэсэн цагт үр дүнд хүрдэг. Ард түмнээрээ шүүлгэсэн цагт авлигачид ичдэг. Тиймээс мэдээллийг ил болгосон. Цаашдаа углуургаар нь шийдэхийн төлөө явна.
  • Би төсөл гацаагч биш, төсөл хөдөлгөгч. Олон жилийн дуусаагүй яриаг дуусгаж, Орано майнинг дээр би орчин үеийн боловсролтой залуусыг урьж, ямар ч өр төлбөр ногдохгүй орчин үеийн гэрээ хийсэн. Тиймээс туулын хурдны замын төслийг явуулахад буруу арга хэлбэр ашиглахтай эвлэрэхгүй. Хууль хяналтынхан эргэлзээг тайлж, эцсийн цэгийг тавьтал зогсоо гэж хэлсэн.

    Авлига ашиг сонирхлын зөрчил байна уу. Гоё нэрний цаана мега тендер, мега хулгай байна уу. Үндэсний зөвшилцөл байх ёстой. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хуулийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг хийх ёстой. Иргэдийн дунд байгаа эргэлзээг тайлах ёстой. Том төслийг би үргэлж дэмжинэ. Ард түмэнд ивээлээ өгөх, эдийн засгийн ач холбогдолтой төслийг явуулна. Харин эргэлзээтэй байвал тэр асуудалд цэг хатгаж байж л урагшаа явна. Ямар ч тохиолдолд нэг юанийн эргэлзээгүй болж байж явуулна. Туулын хөвөөнд өссөн хүний хувьд энэ төсөлд хатуу байр суурьтай байна. “Туулын хурдны зам” төсөлд хуулийн байгууллага эцсийн цэг хатгатал зогсоосон. Нэг юанийн эргэлзээгүй болж байж урагшилна. Туулын хөвөөнд өссөн хүний хувьд энэ төсөлд анхаарч байна.

  • 10 жилийн өмнө манай ДНБ 22 хувь байсан. Өнөөдөр 5 дахин өссөн байна. 10 жилийн өмнө бид мөнгө яаж олох уу гэж боддог байсан. Өнөөдөр мөнгө олох бололцоо бүрдсэн. Гэтэл босгосон мөнгөө юунд зарцуулах, ард түмнийхээ хяналтан дор зарцуулахаа ойлгохгүй, хийрхсээр байгаад хэт баян, хэт ядуу болж. Тийм учраас авлигыг уг үндсээр нь таслахын төлөө ажиллаж байна. Миний зоригт бүү эргэлз. 

  • МАН-ын дүрэмд заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс түдгэлзүүлдэг. Би намын дүрмээ хэрэгжүүлж байгаа. Хундага дарсны ард орой үдэш уугаад асуудал шийддэг тийм арга барил надад байхгүй. Өөр арга барилаар ажиллана.

  • Зах зээл дээр эргэлдэж буй 10 төгрөг тутмын 7-8 нь хувийн хэвшил дээр эргэлддэг болох нь “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын гол зорилт юм. Энэ зорилтын эхлэл болж 146 үйлчилгээг чөлөөллөө. IT компаниудад API service-ээ нээлээ. ДҮРЭМ ЗАСАГЛАДАГ БУС ДАТА ЗАСАГЛАДАГ БОЛНО.

  • Би ЦХХХ-ны сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын тусгай сангууд, ашигт малтмалын лиценз, 20 жилийн туршид хэнд хэн хэзээ газар олгосон гэх мэт 970 мянган мөр өгөгдөл мэдээллийг ил болгосон. Chat GPT-гээс энэ бүх өгөгдөлд үндэслэн гар утаснаасаа шууд асууж байна. Авлигын эсрэг технологийн дэвшил ашиглаж, Цахим хөгжлийн индексийг 28 байраар ахиулсан шигээ Авлигын төсөөллийн индексээр ухардаг бус урагшилдаг болж чадна.

  • Авлигатай тэмцэх ажил бол Засгийн газрын тэргүүлэх ажил байна. Авлига Ардын намын ч дайсан. Авлига Ардчилсан намын ч дайсан. Авлига бүх Монголын дайсан.

  • Авлига бүх монгол хүний эдлээгүй илүү боломж, идээгүй талх, биелээгүй мөрөөдөл. Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт авлигыг уг үндсээр нь таслах бодлого. Засгийн газар эрх мэдлийг төвлөрүүлэхгүй, иргэдийнхээ эрхийг хангахын төлөө ажиллана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.