Гааль, Татвар, Хилийн боомтын захиргаанд албан даалгавар хүргүүлэв
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 50 мин

Сангийн сайд З.Мэндсайхан Сангийн яам болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонслоо. Энэ үеэрээ Монгол Улсын 2026 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангах, татварын орлогын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Гааль, Татварын ерөнхий газар болон Хилийн боомтын захиргаанд үүрэг болголоо.

Тухайлбал, татварын өр төлбөр үүсэхээс сэргийлэх зорилгоор татварын ногдлыг хуульд заасан хугацаанд шуурхай барагдуулах, татвар төлөгчийг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөн туслах, өр төлбөр хуримтлагдах эрсдэлээс хамгаалах, урьдчилж мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулах болон хуримтлагдсан татварын өр төлбөр барагдуулалтыг сайжруулж, төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн этгээдүүд татварын өр төлбөртэй тохиолдолд тухайн өр төлбөрийг ажил үйлчилгээний хөлснөөс суутган тооцох зэргийг чиглэл болгов.

Түүнчлэн экспортын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, үүнтэй холбогдуулан экспортлогч аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүн, түүний дотор нүүрс, зэсийн баяжмалын экспортыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тээврийн зохицуулалтыг оновчтой болгохыг даалгав.

Мөн экспортын боомтууд дээрх гаалийн байцаагч нарыг 19:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах зохицуулалтыг хийхээс гадна гаалийн байгууллага болон Хил хамгаалах ерөнхий газрын цахим системийг холбож, гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарцын байгууламж, нүүрсний шинжилгээний лабораторийг Шивээхүрэн, Гашуунсухайт, Замын-Үүд, Ханги, Булган, Бичигт боомтод ашиглалтад оруулахыг тус тус үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.